Боловсролын салбар хаягдсаны гол буруутан нь үе үеийн 76, өөр хэн ч биш
Наранцэцэг Гомборагчаа:
За нөгөө байнга ярьдагаа бас л бичье. 1992 оны ардчилсан сонгуулиас хойш үе үеийн эрх баригчид ард түмнийг боловсролгүй, хүмүүжилгүй, тэнэг мунхаг, ядуу зүдүү байлгахын тулд тэднийг соён гэгээрүүлэгч багш нарыг ажлаас нь хөндийрүүлэх ажлыг 1997 онд хийсэн юм. Миний үеийн багш нар сайн мэдэж байгаа. Яагаав нөгөө бүтцийн өөрчлөлт нэрээр 3 жилийн цалинг нь өгөөд баахан багш нарыг ажлаас нь гаргаагүй юу? Тэд бүгд бизнес хөөгөөд явчихсан. Үлдсэнийх нь цалинг нэмэлгүй яг 1980-аад оных нь байдлаар бариад өдий хүрсэн юм.
Эдийн засагчдын тооцоолсноор 30 жилийн турш багшийн цалин жилд дунджаар ганцхан мянгаар нэмэгдэж байсан гээд боддоо. Тэгэхээр багшийн мэргэжлийг ямар олигтой амьтан сонгох юм бэ? Сүүлийн жилүүдэд багш нарын чанар муудсан нь үүнтэй шууд холбоотой. Ингэж л иргэдийг боловсролгүй хүмүүжилгүй ядуу болгож байгаад дөрөв дөрвөн жилээр арав хорин төгрөг, атга чимх гурил будаагаар саналыг нь худалдаж авснаар өнөөдрийн энэ аймшигт нийгмийг бий болгочихлоо. Боловсролтой, гайгүй чадварлаг залуучуудыг өөрсдөөсөө дээшээ гарчихна гээд ажил хийлгэхгүй доош нь дарж дарамталсаар байгаад гадагш нь алдаад дууссан. Монголдоо байгаа нь дарга нараасаа айсан, банкны өрөнд дарагдсан хэдэн төрийн албан хаагчид, тэгээд хүүхдүүд хөгшчүүд.
Ийм байхад улс хөгжинө гэж байхгүй л дээ. Бусад улс орны боловсролын салбар нь тэргүүлэх салбар байдаг. Харин манай монголд эсрэгээрээ. Дарга сайд нар нь боловсролоороо бизнес хийгээд, баахан хувийн чанаргүй их дээд сургууль байгуулаад хүүхдүүдийг 4 жил сургасан нэрээр хотоор сэлгүүцүүлж байгаад диплом нэртэй хавтас зардаг ийм л байдалтай 30 жил болсон болохоор өнөөдөр ихэнх иргэдийн амьдрал ядуу болон нэн ядуу бөгөөд хүмүүжил боловсрол нь бүр доод түвшинд оччихсон байна.
Үүний ГОЛ БУРУУТАНГУУД НЬ ҮЕ ҮЕИЙН 76. ӨӨР ХЭН Ч БИШ.