Ц.Туваан: "Рио Тинто"-гийн хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, луйврын гэрээ байгуулсныг захын хүн ойлгож байгаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан танхимаар болон цахимаар хуралдав. Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсов.
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах талаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч "Рио Тинто" компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ийн дэд дарга Б.Солонго, “Эрдэнэс Монгол” компанийн төлөөлөл зэрэг хүмүүс мэдээлэл танилцууллаа.
Мэдээллийн дараа гишүүд дараах байдлаар үг хэлж, асуулт асуув.
Мэдээллээр Оюу толгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулахтай холбоотойгоор 2009 онд гэрээ хийсэн, 2015 онд далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан зэрэгтэй холбоотойгоор Оюутолгой төслөөс Монгол Улсад орох ашиг буурч, өр хуримтлагдаж байгаа талаар болон одоо гэрээг сайжруулах талаарх түр хороо болон Засгийн газрын байр суурийн талаар танилцууллаа.
Мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлцгээв.
АЖЛЫН ХЭСЭГ ЭХ ОРОНЧ БАЙДЛААР, ТҮҮХЭНД ҮЛДЭХ АЖИЛ ХИЙЖ БАЙГААГАА УХАМСАРЛААРАЙ
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энэ ажлын хэсэгт гэрээ хэлэлцээр хийх мэргэжлийн хүн орж ажиллаж байгаа юу. Туршлагатай гадаадын зөвлөх компанийн үйлчилгээ авч байгаа юу. Ямар нэг байдлаар авлига авсан өгсөн, авлигатай холбогдсон асуудал байна уу. Байвал гэрээ цуцлагдах боломжтой гэж ойлгож байгаа.
Дэлхий дахинд одоогоор 25 сая тонн зэсийн эрэлт байна.
Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой цаашид нэмэгдэнэ. Тэгэхээр төслийн үр ашиг өгөөжийг ирээдүйд хүртэх боломжтой.
Гэхдээ нөгөө талаас бид хөрөнгө оруулагчидтай нэг завинд хамт суусан гэдгээ ойлгох ёстой. Тиймээс нуухыг авах гээд нүдийг нь сохлох вий. Эрсдэлээ зөв тооцоорой. Та бүхэн гаднын зөвлөх компанийнхаа үйлчилгээг үнэгүй авч байгаа гэсэн. Үнэгүй бол хариуцлага хүлээхгүй гэсэн үг. Төлбөрийг нь төлөөд улс орныхоо хүртэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаарай.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Оюутолгой төсөл хөрөнгө оруулалт биш зүгээр зээлийн гэрээ юм биш үү. Өрмийг нь аваад хусмыг нь өгдөг гэдэг бол Монгол Улсад хусам ч өгөхөөргүй байдал үүсээд байна. Энэ асуудалд бид улс орныхоо эрх ашгийн төлөө улс төржихгүйгээр нэгдэж ажиллах ёстой. Монголчууд өөрсдийгөө ядуу гэж доош хийж явсаар байгаад гаднынхныг давруулсан.
Хаяж өгсөн жижигхэн ясанд хууртаж, хөрөнгө оруулалтын гэдэг нэрийн доор луйврын гэрээ болсон гэдгийг захын хүн ойлгож байгаа. Тиймээс энэ алдааг засахын төлөө ажлын хэсэг эх оронч байдлаар, түүхэнд үлдэх ажил хийж байгаагаа ухамсарлаж ажиллаарай.
ЕР НЬ ЦААШИД САНХҮҮГИЙН МОДЕЛЬ ДЭЭР ТОХИРСОН ЗҮЙЛ БАЙНА УУ?
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Жижиг хувьцаа эзэмшигч Туркойз Хилл Ресурс эрх ашгаа хамгаалах гээд яваад байхад баялгаа ашиглуулж байгаа Монгол Улс яагаад өөрсдийнхөө төлөө явахгүй байна вэ. Улсынхаа эрх ашгийг хамгаалахын төлөө явах хэрэгтэй байна. Оюутолгойн гэрээнд асуудал байгааг мэдэж байгаа ч тэдний талаас тавьсан өгөөшийг бид үмхэж аваад, тавьсан мэхэнд нь унаад байх шиг харагдаад байна. Жишээ нь, саяхан иргэн бүртээ 300 мянган төгрөг хуваагаад өгчихлөө. Ер нь цаашид санхүүгийн модель дээр тохирсон зүйл байна уу.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Мега төслүүдийг хэрэгжүүлэхийн төлөө улс орнууд маш их хүч, цаг хугацаа зарцуулж хөрөнгө оруулагч олдог. Мега төслүүд ажлын байр нэмэгдүүлэхээс эхлээд сайн тал олон. Харин Оюутолгой төслийн хувьд засч залруулах зүйл байгаа. Гэрээ анхнаасаа буруу болсон. Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх хүчин зүйл байдаг ч анхны хөрөнгө оруулалтынхаа дүнг байнга өсгөж байна.
ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж байгаа хүмүүс дуугардаггүй. Энэ гэрээг цуцалж, болих биш гэрээ сайжруулаад засаад явах ёстой гэсэн байр суурийг би баримталдаг. Баялгийн эзэн нь ийм байдалтай байж болохгүй гэх зэргээр асуудлыг лавлаж, тодруулга хийсний дараа байр сууриа илэрхийлэв.
Оюутолгой төсөл бол Монголын эдийн засгийн гол хөшүүргийн нэг учраас бид Монгол Улсад ирэх үр өгөөж, ашгийг сайжруулах талд улс төржихгүйгээр хамтран ажиллах ёстой гэдгээ гишүүд илэрхийллээ.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дэгдэлт хяналтаас гарч, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой аюул учруулах хэмжээнд хүрсэн гэж үзэв. Мөн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэх УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудлыг тус тус хэлэлцэв.
УИХ дахь АН-ын бүлгийн ажлын алба