"Сургалтын төлбөртэй холбоотой санал хүсэлтээ БШУЯ-ны цахим хуудсаар өгөх боломжтой"
Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх журмыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан.
Уг журмын хэрэгжилтийн талаар тус яамнаас хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар "Зарим сургуулиас төлбөр нэхэж, эцэг, эхчүүдэд хүндрэл учруулсан тухай гомдлууд ирсэн тул журмын хэрэгжилтийн талаар яамнаас хяналт хийлээ.
Хяналт шалгалтын хүрээнд 60 их, дээд сургуульд найман төрлийн асуумжаар судалгаа авсан. Их, дээд сургуулиуд оюутан сургалтын төлбөрөө төлсөн эсэхээс үл хамаарч, хичээл сонголт, улирал, явцын шалгалтын оролцоог тодруулахад 95-аас дээш хувь нь хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг мэдэгдсэн.
Мөн тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотооддоо дүрэм журам гаргасан 26 их сургууль байна. Оюутан сургалтын төлбөрийг хойшлуулах, хөнгөлүүлэх, хувааж төлөх хүсэлт ирүүлэхэд сургуулиуд судалж, тухай бүрд нь шийдвэрлэж байна. Их, дээд сургуулиудаас ирж буй дүн мэдээ болон манай яамнаас очиж шалгасан хүмүүсийн шалгалтын үр дүнд БШУ-ы сайдын А/135 тоот тушаал их, дээд сургуулиудад бүрэн хүрсэн байна.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулиудын тухайд 127 сургууль, 422 цэцэрлэг уг тушаалыг гардан авч, хэрэгжүүлж байна. Зарим эцэг, эх сургалтын төлбөр, үйл ажиллагаатай холбоотой асуудал байвал БШУЯ-ны хуудсаар холбогдож, хүсэлтээ өгөх боломжтой. Хүсэлтийг тухай бүрд нь шийдвэрлэж байгаа" гэв.