Хоёр настай хүү маань анх “маск” гэж хэлд оров. Үүн дээр нэмээд тэр, гадагш гарсан л бол гэртээ орж ирэхдээ заавал ч үгүй гар ариутгагч нэхнэ. Магадгүй гар ариутгагч, маск хоёрыг амьдралынхаа салшгүй нэг хэсэг гэж ойлгосон байх. Хачирхалтай нь бидэнд төвөгтэй мэт санагдах энэ дадал бяцхануудад эсрэгээрээ. Бид маск зүүвэл агаар дутагдаж, гараа ариутгахаар арьс хуурайшиж байна хэмээн гомдоллож, дор бүрнээ л асуудалтай нүүр тулж байна.
Гэрээсээ ажиллаж байгаа нэгэн нь анхаарал төвлөрөхгүй, дасгал хөдөлгөөн хийх орчин бүрдэхгүй гэх зэргээр. Үүн дунд хамгийн бухимдаж байгаа хүмүүс нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс. Тухайлбал, жирэмсэн эмэгтэйчүүд. Сар бүр хугацаа товлон эмчийн үзлэгт ордог тэд энэ үзлэгтээ орж чадахгүй байна. Та ч гэсэн тэдний нэг үү? Тэгвэл нэг түүх эргэн сануулъя.
1998 оны 1 дүгээр сарын 04-ний үед Канадын Күэбек хотод болсон явдал. Канадын түүхэнд тохиолдсон хамгийн их хохирол учруулсан байгалийн гамшигт тооцогддог бөгөөд 80 гаруй цагийн турш тасралтгүй хүйтэн бороо орж, хүчтэй салхи салхилсны улмаас цахилгаан дамжуулах станц, ус зайлуулах том далангууд бүгд нуран унасан. Үүний улмаас олон мянган иргэд цахилгаангүй хэдэн долоо хоногийг өнгөрүүлж, тусгаарлагдсан. Мэдээж энэ үеэр жирэмсэн эмэгтэйчүүд товлолт үзлэгтээ орж чадахгүй, бухимдахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Хэсэг судлаачид шуурганы нөлөө хүүхдийн тархинд хэрхэн нөлөөлснийг судалж, тухайн үед гэдсэнд байсан хүүхдүүдийн зан байдал, сэтгэх чадварт байгалийн гамшиг хэрхэн нөлөөлсөн тухай тайлан хэвлүүлсэн. Харамсалтай нь, тайланд дурдсанаар эцэг, эхийн боловсрол, амьдралын орчин нөхцөлөөс үл хамааран судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хэлний чадвар, IQ нь сул байв.
Үүнээс үзэхэд эхийн бухимдал ургийн хөгжилд нөлөөлдөг болохыг төвөггүй харж болохоор. Халдвар илрээгүй ч хөл хорионд орсон хүмүүс болон хүүхдүүд уйдах, ганцаардах, уурлаж бухимдах зэрэг сөрөг мэдрэмжүүдэд ихээр автаж байгаа тухай АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас хийсэн “Ковид-19 цар тахлын үеийн олон нийтийн төсөөлөл, сэтгэл зүй, зан үйл” судалгаанд дурджээ. Тус судалгаанд дурдсанаар цар тахлын үеийн түгшүүр, сэтгэл гутралын түвшин оролцогчдын 24 орчим хувьд маш өндөр, 15 хувь нь сэтгэл гутралтай байгаа нь тус халдвараар нас баралт ихтэй оронтой харьцуулахад өндөр байгаа аж.
Мөн архи, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллох нь нэмэгдэж, дасгал хөдөлгөөн хийх нь багассан тухай тус судалгааны “зан үйл” хэсэгт дурджээ. Үүнээс нэгэн холбоо хамаарлыг ажиглаж болох бөгөөд бидэнд айдас түгшүүр нэмэгдэхийн хэрээр амьдралын буруу хэвшил давамгайлж байгаа юм.
Та хайрын тухай гунигт киноны өрнөл хэсэгт гол дүрийн нэгэн хайр дурлалаас болж шаналахдаа амттан их хэмжээгээр идэж, согтууруулах ундаа хэрэглэн буйдан дээрээ суугаа хэсгийг санаж байна уу? Яг одоо төсөөлсөн хэсгийнхээ гол дүр болохыг хүсээгүй л бол биднийг бухимдуулж буй олон шалтгаанууд, амьдралын эдгээр шинэ хэвшилд дасан зохицохоос аргагүй байдалд хүрч байна.
Иймд НҮБ-аас гаргасан зөвлөмжид таван сэтгэл зүйн зөв дадлыг өөртөө хэвшүүлэхийг уриалжээ. Үүнд, таагүй мэдрэмжээс зайлсхийх, өөрийн бодлоо удирдаж, тунгалаг байлгах, нийгмийн сүлжээнд тархаж буй сөрөг мэдээллээс сэрэмжлэх, аливаад сайхан сэтгэлээр хандах, орчноо бодитоор мэдрэх зэрэг оржээ. Эдгээр зөвлөмжийг өөртөө хэвшүүлснээр ковидын дараах шинэ амьдралын хаалгыг төвөггүй нээж чадах нь ээ. Танд амжилт хүсье.