"Хийморьтой 20" сугалаатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэллээ
Өргөн нэвтрүүлгийн ТВ9 телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирүүлсэн сугалааг хаясан үйлдэл гарсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа эхлүүлжээ..
Энэ асуудалтай холбоотойгоор ТВ9 телевиз мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд 2021 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн сангийн яамны тусггай зөвшөөрөл бүхий “Эгнэшгүй их” ХХК-тай эфирийн цаг түрээслэх гэрээ байгуулж, сугалааны нэвтрүүлгийг шууд дамжуулж байсан хэмээсэн.
Харин “Эгнэшгүй их” компанийн зүгээс "Сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй. Уг асуудал нь хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжуулах явцад камерт орох гээд байсан учир шидсэн гэх асуудал гарсан" хэмээн мэдэгдэл гаргажээ.
Уг сугалаатай холбоотой асуудлаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.