Имарт худалдааны төвийн салбарт 1500000 төгрөгийн торгууль ноогдууллаа
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нэр бүхий иргэний гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирлыг байлцуулан 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16,600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаасан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ноогдууллаа.
Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “ХЯНАЛТЫН ЖИН” дээр шалгаж авах нь зүйтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.