Хашгирах нь сэтгэл хөдлөлийн зургаан шинжийг илэрхийлдэг гэжээ
Швейцарын эрдэмтэд өвдөлт, уур уцаар, айдас, таашаал, уйтгар гуниг, баяр баясгаланг илтгэдэг зургаан төрлийн ялгаатай хашгиралт байдгийг тогтоожээ. Судалгааны талаар саяхан “PLOS Biology” сэтгүүлд нийтэлсэн байна. Хүн дүрст сармагчингууд болон бусад хөхтөн амьтад хоорондын зөрчилдөөн, махчин амьтан дайрах эсвэл өөр аюул тохиолдох зэрэг зөвхөн тааламжгүй нөхцөл байдалд аюулын дохио болгон хашгирдаг бол хүмүүс айсан эсвэл уурлаж бухимдсан үедээ ч цөхрөл, баяр баясгаланг мэдэрч байхдаа ч хашгирдаг байна. Энэ тухай Цюрихийн их сургуулийн эрдэмтэд хашгирах замаар илэрхийлдэг дор хаяж зургаан өөр сэтгэл хөдлөл байгааг тогтоожээ. Жижиг судалгааныхаа үеэр тэд 12 хүнээс нөхцөл байдлаас шалтгаалан мэдэрсэн эерэг эсвэл сөрөг мэдрэмжийнхээ дагуу хашгирахыг хүссэн байна. Энэ үеэр өөр нэг бүлэг хүмүүс тэдний хашгирахыг сонсож, сэтгэлийн хөдлөлөөр нь ангилжээ. Ингэхдээ оролцогчдын тархийг соронзон резонанст томографын дүрслэлийн (fMRI) аргаар сканнердсан байна. Судлаачид нийтдээ сэтгэл хөдлөлийн дөрвөн тест, мөн шийдвэр гаргахтай холбоотой, мэдрэлийн зураглал хийх туршилтууд явуулжээ.
Судалгааны үр дүнд хүмүүс өвдөлт, уур уцаар, айдас, таашаал, уйтгар гуниг, баяр баясгаланг илтгэх зургаан төрлийн хашгиралтыг ялгах чадвартай болохыг харуулсан байна. Мөн хүмүүс сэтгэлийн түгшүүрт автсандаа биш харин "эерэг мэдрэмжийг" илтгэх хашгиралтад илүү хурдан бөгөөд илүү зөв хариу үйлдэл үзүүлдэг болохыг тогтоожээ.
Эх сурвалж: www.polit.mn