Улсын нийслэл Улаанбаатарын иргэд бид хотын дарга солигдох бүрт “Одоо л манай хот гоё болох байх” гэж битүүхэн горьддог нь үнэн билээ. Шинэ дарга сэлүүхэн сэтгэж, сэтгэлд гэгээ таттал ажиллаад, хотоо ногооруулж, хогноос нь салган, замын түгжрээг багасгаж, газар нэмж олгосон ч учиртайхан хандаж, цаашид өнөөгийнх шиг ганц ч цэцэрлэг, сургуульгүй хотхон хэмээх байшингууд өрөх нөхцөл үүсгэхгүй байх хэмээн найдах ч үеийн үед талаар болж ирэв.
Одоогийн Засаг дарга ажлаа хүлээж аваад жил гаруй болсон ч өөрчилж шинэчлэн, өөд нь татсан юм хараахан алга. Тэрбээр Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу ажиллаж байна гэдэг. Тэгсэн атлаа зөрчинө. Өмнөх даргын үед бултаараа хэлэлцээд зөвшилцөн шийдсэний дагуу захиргаагаа хотын захад их хэмжээний хөрөнгө зарцуулж барьсан шинэ цогцолбор руу нь нүүлгэхгүй, шаардлагагүй гэх. Энэ тухай өмнө бичсэн тул цухас дурдъя. Хотын агаарын бохирдол, замын түгжрэлийг бууруулах, хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд хотын шинэ дэд төвд нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын нэгдсэн цогцолбор барья, нүүе гэдэг дээр тогтож, энэ ажлыг 2018-2022 онд амжуулахаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан байсан. Цогцолбор бэлэн болсон ч Засаг дарга өөрийг хийсээр. “Замын түгжрэл үүсгээд байна” хэмээн улиг болсон хашаа буулгуулах, хорооллын дунд орц, гарц нээх ажилд илүүтэй анхаарч, зарим газарт өөрийн биеэр очиж удирдан зохион байгуулж явна. Үүнийг нь буруу гэхгүй. Гэсэн ч үүнээс илүү чухал нь их хотын төвийн түгжрэлд 20-30 хувь орчим жинтэй нэмэр оруулж буй захиргаагаа нүүлгэхгүй байгаа тань логик муутай юм гэдгийг дахин хэлье.
Хороолол барихдаа хаа хамаагүй газарт хашсанаас явган хүн явах аргагүй болсон, түүнээс болж машин мөргөлдөх, хүүхэд, насанд хүрэгчидгүй шүргүүлж бэртэж гэмтэх зэргээр иргэдийн аюулгүй орчинд тайван амьдрах эрх зөрчигдсөөр байдаг. Үүнд үндэслэн зөрчлийг арилгуулахаар “хашаа, хайс” хэмээн ойролцоогоор томъёолох арга хэмжээг 2017 оноос хэрэгжүүлж ирсэн нь өнөө хэр үргэлжилсээр байгаа юм билээ. Гэхдээ энэхүү зорилго, зорилт нь тодорхой, дүүргийн газрын албадын газар зохион байгуулагч нар зохих, тухайлбал, Газрын тухай хуулийн хүрээнд хийж дөнгөх ажлыг заавал нийслэлийн Засаг дарга цаг алдан байж газар дээр нь очиж хийлгүүлэх, удирдах ямар учир шалтгаан байдаг юм бол.
Д.Сумъяабазар өмнөх дарга нарын багийн ажлыг дутуу, дунд, боловсруулалт муутай хэмээн хэлж байсан удаатай. Тэгж үздэг аваас өөрөө санаачлан, бодит ажил хэрэг болгож, нийслэлийн оршин суугчдын амьдралд мэдэгдэм дэвшил гаргахын тулд “дээш нь” өргөн барих төсөл, хөтөлбөр боловсруулахаас эхлүүлээд ажил бишгүй байлтай. Гэтэл тийм нь ч анзаарагдахгүй юм.
“Хотын дарга нар хашаатай зууралдсаар байгаад халаагаа өгдөг уламжлалыг давтах уу” хэмээн яагаад асуув, онцлов. 2000-аад оноос эхлэн тоочвол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд хотыг удирдаж байх үеэс болон түүний дараах залгамжлагч Ц.Батбаярын үед нийслэлд хашаа хатгах газар үгүй болсон. Тэдний “ач”-аар газартай болсон сүүхээтнүүд санаснаараа тоосго давхарлан өрсөөр энд тэндгүй хороолол, хотхон гэх орчин бий болгосон ч тэнд нь хүүхэд хүмүүжүүлэх цэцэрлэг, сургах сургууль байхгүйгээс шинэ, гоё байранд орсон хүмүүс хүүхдээ суулгаж аваад хотын нэг захаас нөгөө рүү сургуульд нь хүргэх гэсээр замын түгжрэлийн нэлээд хэсгийг “үйлдвэрлэсээр” ирсэн билээ. Судалгаагаар Улаанбаатарт 46 мянган машинаар хүүхэд зөөж байгаа нь нотлогдсон байдаг. Дээр нь нийслэлийн захиргааны харьяа агентлагуудаар үйлчлүүлэх гэсэн хүмүүсийн эх, зах нь олдохгүй дараалал нэмэгддэг.
М.Энхболд, Ц.Батбаяр гэсэн дарга нарын дараа халааг нь авснууд ч ялгаагүй хотын оршин суугчдын тав тухын төлөө юу ч хийж чадаагүй. Ганц бодит бөгөөд үр дүнтэй ажил нь Э.Бат-Үүл даргын бий болгосон нийтийн тээврээр картаар үйлчлүүлдэг. Эдийн засаг талаасаа өгөөжтэй, эсэхийг алгасаад харахад лав иргэдэд дэвшил болсон. Өмнө нь нийтийн унаанд чихэлдэж оронгуут кондуктор хэмээх хүн автобус дүүрэн хашхирдаг байсан түүх мартагдах шахаад байна. Үүнийг орчин үеийн оршин суугчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн шийдэл гэхгүй гээд яах вэ. Э.Бат-Үүл дарга багийнхантайгаа хэрэгжүүлж эхэлсэн бас нэгэн ажлыг энд дурдах нь зүйтэй болов уу. Тэр нь “хогийн ногоон уут” хэмээх ажил юм. Хэл ам дагуулан тэгсгээд чимээ алдарсан ч, олон нийтэд хогийг задгай асгаж болохгүй, юутай ч хямгадаж гаргах ёстой юм байна гэсэн ойлголт суулгаж, хэвшил болгох дөхсөн. Гагцхүү ногоон уутны дараах алхам, стратеги нь юу байсан бэ гэдэг нь тодорхойгүй байв. Хэрвээ энэ төсөл юм уу, хөтөлбөр үе шаттайгаар ахих чиглэлд өгөөжөө өгсөөр байсан сан бол өдийд нийслэлийнхэн маань магадгүй шведүүд шиг хогоо эрчим хүчний энерги болгочихсон додьгор аж төрөх байсан ч юм бил үү. Сургуулийн сурагчид ч ямар өнгөтэй уутанд аль хогийг хийх тухай хэдийн мэдчихсэн, ээж, аавдаа багшилсан шигээ ханхалзаж байх байсан болов уу. Өөрөөр хэлбэл, иргэд, оршин суугчдад хэвшил дадал суулгаж, хандлагыг өөрчлөхийн зэрэгцээ хогийг мөнгө, ашиг болгож болдог юм байна гэдгийг мэдэх, мэдрэх цаг хугацаа ихээхэн өнгөрсөн дөө. Өдгөө гудамжинд “Ангилбал алт, холивол хог” гэсэн ухуулгын самбар харагддаг. Гэтэл яаж ангилах, юунд хийгээд хаана тавихад хэн, хэзээ аваачаад юу болгох нь огт ойлгомжгүй. Боломжоороо ангилдаг юм байж, яаж алт болгох юм бол. Шведэд бол хог шатаан боловсруулдаг үйлдвэр нь манай ТҮЦ-үүд шиг ажиллаж байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд хог олдохоо байгаад Норвег, Британиас импортолж байна.
Аливаа улсын нийслэлийн оршин суугчдын эрүүл мэнд, аюулгүй орчинд тав тухтай амьдрах, эсэх тухай асуудал бол нийт улс орны хүн амын сайн сайхны төлөөх төрийн бодлогын цөм нь билээ. Тиймээс аливаа улсын нийслэлийн мээр буюу манайхаар Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг бол улсын нийт иргэдийн эрх ашгийн төлөө шударгаар ажиллах чин сэтгэл, хүсэлтэй, мэдлэг боловсрол өндөр, удирдлага, менежментийн онцгой ур чадвартай, шалгарсан удирдагчийн албан тушаал. Түүнээс биш зарим талаар харахад намын, тэр дундаа удирдагчдынх нь хувийн эрх ашиг, сонирхол, дөрвөн жилийн дараа гэхэд иргэдийн сэтгэл, санаа бодол, сонголтыг алдчихгүй байхын төлөөх бодлого, хандлагаар боловсруулсан гээд хэлчихэд буруудахгүй мөрийн хөтөлбөрт захирагдан, түүнийг урдаа барьж, өмнөх дарга нарын үлдээсэн хашаа, хайс нааш, цааш болгох гэх зэрэг ядмагхан ажлаар цаг барах лугаа адилаар энэ ажлыг хийх нь оновчтой бус.
Дээр дурдсанчлан өмнөх дарга нар нийслэлийн газрыг замбараагүй олгож, улмаар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн газрыг хүртэл хэсэгчлэн өгч дуусгасан нь үнэн. Балгаар нь өдгөө хот “төлөвлөлтдөө захирагдахгүйгээр” өргөөшөө ч, уртаашаа ч утга учиргүй тэлж, аж амьдралаа гэсэн иргэдийн урсгал, хөдөлгөөн жил, сараар нэмэгдэхийн хэрээр мөдхөн хотын хөдөлгөөн таг зогсохдоо тулаад байна. Үүнээс гарах арга замуудын өчүүхэн төдий тустай нь хашаа, хайс нураах, орц, гарц нээх мөн байх л даа. Гэхдээ үүнээс илүү өгөөжтэй, томоохон масштабаар харж хийсэн ажил өгөөжтэй, үлдэцтэй байх болно. Нийслэлийн оршин суугчид хотын даргаас дэвшилд хүргэх шийдэл, зоримог алхам хүлээсээр байх болно. Үр дүн нь урьдчилан харагдах юм бол тухайн даргыг, баг, хамт олныг нь дэмждэг, амжилт хүсдэг жишээ олон. Ганцханыг дурдахад, Э.Бат-Үүл дарга ба түүний багийнхны гэр хорооллыг барилгажуулах ажлыг иргэд хэрхэн дэмжиж байсныг санахад хангалттай. Гэр бүлийн гишүүд хашааны газраа чөлөөлөх, эсэх дээр эсрэг тэсрэг байр суурьтай байхад, ээж нь хүүхдүүдээ ятгасаар байгаад зөвшөөрүүлсэн, нийслэлээс мэргэжилтэн ирж яриа, хэлцэл хийхийг хүлээж байсан нь хаа сайгүй байлаа. Гэтэл сонгуульт хугацааны дөрвөн жил шувтрахын хэрд хотын мээр өнөөх ажлаа зөнд нь орхисноос болж иргэд итгэл алдарсан, бүр цөхөрсөн түүхтэй. Манай нийслэлийн үе үеийн даргын ажил иймэрхүү явж ирснээр өнөөдөр хотын оршин суугчид өдрийн талыг гудамжинд өнгөрөөж, хийж бүтээх цагаа өдөр, хоногоор алдан амьдарч байна. Тэр хэрээр аль ч салбарт хөдөлмөрийн бүтээмж муу, улс орноороо ядуу байна.
Энэ удаа өнөөгийн хотын мээрээс өмнөх дарга нарын хашаатай зууралдсаар халаагаа өгдөг уламжлалыг давтах уу, аль эсвэл арай өөрөөр, алсыг харсан дорвитой, шийдэмгий алхмууд хийх үү гэж асууя.