СҮНЭЭ: Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон
Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгсөн талаар мэдээлэл хийлээ.
Б.Сүндэръяа "УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын бэлгийн дарамтад өртөж байсан 1000 гаруй эмэгтэй холбогдсон. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан. Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна.
Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна. Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон. Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа. Түүнийг гадаад явуулсан байна лээ" гэсэн юм.
Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч Батсүх "Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна. Өргөдлийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гаргаж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлаар гэмт хэргийн шинжтэй байна гэж өргөдөл гаргаад байна. Тодруулбал, гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн. Хүний бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, заналхийлсэн, сүрдүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна" гэлээ.