Ерөө голд осолдсон автомашиныг татаж гаргах боломжгүй тул хэвээр нь орхижээ
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант уулнаас самар түүгээд, буцаж байсан иргэдийн автомашин Ерөө голд осолджээ. Тодруулбал, самар ачиж явсан хоёр автомашинтай иргэд “Ерөө” голыг гаталж байхад нь мөс цөмөрч, усанд унасан тухай дуудлагыг уржигдар буюу дөрөвдүгээр сарын 11-ний 17.55 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын шуурхай утсанд ирүүлжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид тухайн өдрийн 18.10 цагт Ерөө голын чиглэлд явж өчигдөр өдрийн 04.30 цагт очин, 12.26 цагт “Катра” загварын ачааны автомашиныг татан гаргасан гэнэ. Харин “Зил-131” загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул голын усанд үлдээжээ. Ослын үеэр хүний амь эрсдээгүй болохыг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм.
Мөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Улаан-Эрэг гэдэг газар Ховд голын усны түвшин нэмэгдэж, 30 өрх усанд автах магадлалтай гэх дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр ирүүлжээ. Улмаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхантай хамтран дөрвөн метрийн өргөн, 90 сантиметр өндөр, 100 метрийн урттай шороон далан босгож, гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлжээ. Гол, мөрөн, нуурын мөс энэ мэтчилэн хайлж байгаатай холбогдуулан иргэдийг сонор, сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.