СГЗ Л.Пүрэвдорж: "Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш..."
“Эрлэгийн бошго”, “Чингис хаан буюу тэнгэрийн увдис” романуудаараа алдаршсан Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч,хошууч генерал Лувсангийн Пүрэвдоржийн 2012 онд "Утга зохиол урлаг" сонинд өгч байсан ярилцлагаас хүргэж байна.
-Газар шороо, газар шороо оо гэж...
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай маш их ярьж байна. Монголын газар нутгийн 40 гаруй хувь нь лицензээр гадныхны гарт орчихсон байх шиг байна. Бид өмнө нь ярьдаггүй байж. Одоо бол ингэлээ тэглээ гээд ил тод ярьж байна. 1957 онд Увс, Хөвсгөлийн чиглэлд асар их нутгийг Орост туучихсан. Өгөхгүй гэж тэмцсэн Аварзэдийг Улс Төрийн Товчоо яаралтай хуралдан, ажлаас нь хусч хаяад л асуудлыг шийдчихсэн. Дараа нь 1964 онд Өмнөговиос өчнөөн их газрыг тасдаж Хятадад өгсөн шүү дээ. Тэгэхэд бид дуугарч байсан уу? Огт үгүй. Одоо бол бид газар өгөх байтугай байгалийн баялгаа хямдхан өглөө гэж орилолдож байна. Энэ нь монголчууд нутаг усандаа эзэн болъё гэсэн сэтгэлийн илрэл юм.
-Ю.Цэдэнбал төрсөн нутгаа үнэхээр Орост бэлэглэчихсэн юм уу?
-Давст уулыг өгчихсөн. Хөвсгөлөөс хамгийн үзэсгэлэнтэй хэсгээс нь асар их нутаг тасдаж өгсөн. Тийм хүний хөшөөг хотынхоо төвд залчихсан л сууж байна шүү дээ бид. Хөшөөтэй байлдах нь хаашаа ч юм. Гэхдээ хойч үед их хорлолтой байдаг байхгүй юу.
-Тэр үеийн эрх баригчид аргагүй байдалд байсан байх даа, хөөрхий.
-Жинхэнэ улс төрчид байсан юм бол нутгийнхаа төлөө амь хайргүй тэмцэх ёстой. Оросууд 1945 оны наадам хүртэл Монголыг Хятадын харьяаны муж гэж ханддаг байсан нь нууц биш. Гэхдээ Монголын тусгаар тогтнолд Сталин маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэр жил Коммунист Хятад биш Чан Кай Шигийн засаглалын үед юм даа, Хятадын Гадаад хэргийн яамны сайдыг Москвад дуудаж, хэлэлцээр хийхдээ Сталин “Та нар Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэрэг дээрээ монголчууд танайд захирагдахгүй байна” гэсэн. Дараа нь хятадууд Америкийн эрх баригчидтай тав хоногийн дотор 11 удаа утсаар ярьсан байдаг. Агуулга нь “Бид Монголыг яах вэ. Сталин шахаад байх юм” гэсэн утгатай. Америкийн Ерөнхийлөгч хариуд нь “Та нар монголчуудыг нэгэнт барьж чадахаас өнгөрсөн болохоор хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Сталин зөв хэлжээ” гэх маягийн юм ярьж. Ингэж л бид тусгаар улс болсон түүхтэй.
-Тэр үед манайх тусгаар тогтнох байтугай Өвөр Монголоо, Тэнгэр хайрханыг торгуудуудтай нь цуг авчих боломж байсан гэдэг.
-Бүх монголчууд нэгдчих хамгийн сайхан боломж бол 1911 онд байсан. Яагаад гэвэл урд хөршид засгийн газар байхгүй болчихсон үе. Өөрөөр хэлбэл Хятад эзэнгүй болчихсон үе. Оросууд монголчууд нийлбэл аюултай гэдгийг мэдэрч байсан. 1945 онд Ар, Өвөр хоёр монгол нийлчих аятай боломж бүрдүүт шалавхан Ар Монголыг нь тусгаар тогтнуулах маягаар салгасан. Одоо бол Хятад задарвал нэг нэгдэх боломж гарна. Ямар чиг гэлээ, одоо бол бид газар шороондоо эзэн болсон. Хэн ч биднээс булааж авч чадахгүй. Эд нар сайндаа л байгалийн баялгийг хямдхан булаана биз. Одоо ч булааж л байна.
-Би нэг зүйлд их санаа зовдог юм. Хөрш хоёр их гүрнээс маань манайд хандаж “Одоо ахиад нэг хилийн зурвасаа шинэчлэн тогтооё” гэх вий дээ гэхээс...
-Одоо боломжгүй. Монгол улсын хил НҮБ-аар баталгаажсан. Яахав, улс гүрэн харилцан тохирч болно. Путин чинь Хятадтай тохироод хэдэн жилийн өмнө Даманы арлыг, амь үрэгдсэн орос цэргүүдийн дурсгалын хөшөөтэй нь цуг өгчихсөн шүү дээ. Иймэрхүү юм байдаг. Харин бид Ерөнхийлөгчийн засаглалтай болж яасан ч болохгүй. Муу, сайн ч энэ 76 нь хоорондоо хэрэлдээд юм илрүүлж өгөөд сууж байх нь Монголд хавьгүй тустай. Хэрэлддэг улсууд новшнуудаа илрүүлж өгөөд байдаг байхгүй юу. Тэд нэг нэгнээ ямар нэг учир шалтгаанаар илчилсээр л байх болно.
-Монгол даяар сонгуулийн кампанит ажил ид явагдаж байна. Нэр дэвшигчид ёстой тогос шиг гоёж, хөхөө шиг донгодож байна. Гэхдээ цаана нь Орос, Хятад хоёр өөрсдийн хүнээ гаргах гээд өрсөлдөөд байгаа юм биш үү?
-Орос, Хятадаас ч өөр улсууд бий. Гэхдээ ард түмэнд сонгох онц эрх нь бий шүү дээ. Манайхан их жалгархаг. Нутгийн л хүн бол хулгайч ч байсан сонгочихдог. Тээр жил СнЗ-ийн орлогч дарга байсан Сүрэн гуай надад нэг зүйл хэлсэн юм. Тэр үед Жасрай гуайн Засгийн газар байл уу даа. “Та нар одоогийн Засгийн газрыг шүүмжилж л байна. Саяхан болтол АИХ-ын депутат болох хүний нэрсийг нэг бүрчлэн жагсаагаад, товч намтартай нь хойш нь явуулдаг байлаа. Хойно нягтлаад нэрсийн урд эрвээхэй, анхаарлын тэмдэг, хасах тэмдэг тавиад ирүүлдэг байлаа” гэж байсан. 1980-аад оны эхээр АИХ-аар батлуулаад Монголыг Оростой нэгтгэчих бодлого явж байсан. Тэгэхээр депутатууд нь найдвартай улс байх ёстой биз дээ.
-Бал дарга чинь өөрөө Оростой нийлнэ гэж хөөцөлдөөд бүтээгүй гэсэн яриа тэнэж явдаг юм билээ.
-МАХН санаачилж, бүр УТТ-ны тогтоол гарсан байдаг юм. БНМАУ-ыг ЗХУ-д нийлүүлэх саналыг Зөвлөлтийн удирдлагад тавих тухай. Тэгээд л Цэдэнбал гуай тэр бичгээ хойш нь аваад очиж л дээ. Хариуд нь “Цаг нь болоогүй. Ийм болчимгүй юм хийдгээ та нар боль. Энэ тогтоолоо хүчингүй болго. Танай намын ТХ-ныхон чинь өвчтэй юм уу, солиотой юм уу...” гэсэн байгаа юм. Хамгийн ноцтой нь тэр тогтоолыг одоо болтол хүчингүй болгоогүй байдаг. Гэтэл одоо бид гадныхантай “Баялгийг маань хямд авч байна” гэж хэрэлдэж байна. Бид хэрэлдэж чадаж байна. Үүгээрээ бахархах ёстой.
-1990 онд монголчуудад олдсон эрх чөлөө хэврэг үү, эсвэл бат бөх болсон болов уу?
-Биднээс л шалтгаална. Улсын эрх баригчид нь айж хулчигнаад л, барьцаанд ороод эхэлбэл Монгол улс буцаад л дуусна. Хүчтэй, зоригтой удирдагчид улс орныг авч явдаг юм. Тэрнээс баян чинээлэг хүн биш. Бид Монголын төлөө амиа алдсан улсуудын дурсгалыг байнга хүндэтгэж байх ёстой. Одоо Бодоо сайдыг гаргаж ирэх цаг нь болсон. Ханд ван, Да лам Цэрэнчимэд байна. Та нар Бодоог яагаад цаазалсныг мэдэх үү?
-Бүр нарийн ширийн зүйлийг үгүй чиш.
-Түүнийг цаазлах хоёр шалтгаан байсан. Бодоо Ерөнхий сайд болуутаа Данзантай хүч хавсран хэлмэгдүүлэлт хэзээ ч гаргахгүй байхын төлөө тэмцэж эхэлсэн. 1921 оны долоон сарын 08-10-ны шөнө Зоригт баатар Тогтох тайж тэргүүт нийт 106 хүнийг баривчилж, буудаж алах төлөвлөгөөтэй байж. 10-ны үдээс хойш Бодоо, Данзан, Эрдэнэбатхаан гурав завхрал гаргаад буй Вонукаев тэргүүтэй оросуудыг дуудаж “Энэ улсуудыг сулла” гэсэн байдаг. Нөгөөтэйгүүр Бодоо Ерөнхий сайд болуутаа Америк, Англи, Герман, Японы... эрх баригчидтай харилцаа тогтоож эхэлсэн. Энэ нь оросуудыг тэсэхүйеэ бэрх болгосон. Тэгээд л Сүхбаатараар бодийг хөтлүүлсэн. Уул нь хэргийг Шүүх яам таслах ёстой байтал шууд Цэргийн яам асуудлыг нэг мөр шийдсэн дээ.
-Ер нь тэднээс хожим Х.Чойбалсан, Б.Цэрэндорж хоёр яагаад хоёулхнаа торойгоод амьд үлдэв гэдэг тайлагдашгүй оньсого шүү.
-Чойбалсангийн орных нь хүн бэлэн болсон болохоор алахаас өөр аргагүй. Гадны тавиул гэдэг ийм л хувь заяатай. Цэрэндоржийн хувьд төрд урван тэрслэгч. Урвагчид амьд үлддэг. Тэр Богдод хэлэлгүйгээр Бадамдоржтой нийлээд Автономитыг устгах бичигт гарын үсэг зурснаар бүх зүйл эхлээ биз дээ. Харин хөшөөг нь эд урагш харуулаад босгочихсон байна лээ.