Эрэн сурвалжлагдаж байсан хоёр цэргийг ямар нэгэн эрсдэлгүй баривчилжээ
Цагдаагийн байгууллагаас "Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр цэргийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 10:20 цагт олж тогтоон, ямар нэгэн эрсдэлгүй баривчилсан" болохыг мэдээллээ.
Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн 0214 дугаар ангийн хоёр албан хаагч хилийн манаанд гарч байх үедээ харуулын даргын үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.
Тэгвэл өнөөдөр /2021.04.11/ 10:00 цагийн орчимд цэргүүдийг Говь-Алтай аймгийн Алтай сумаас 50 км зайд Зөөлөн богд уулнаас буун дуу гаргалгүй барьсан байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өнөөдөр Улаанбаатарт авчрах юм байна.