Хөл хорио эхэлсэн өдөр Улаанбаатарт 765 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас баржээ
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 11,195 гаруй шинжилгээ хийхэд 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 15,014 болж байна.
КОВИД 19 өвчний улмаас нас баралт 2 бүртгэгдэж нас баралтын тоо 22 болж байна. 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барлаа.
КОВИД 19 өвчний шууд бус нас баралт нэг бүртгэгдсэн. Уг иргэн нь дөрөвдүгээр сарын 7-нд халдвар туссан, хорт хавдартай хүн байв. Ингэснээр бусад шалтгаант нас баралт 5 боллоо.
Шинээр илэрсэн 831 тохиолдлоос Улаанбаатарт 765 бүртгэгдсэн бөгөөд тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтал. Орон нутагт халдварын 66 тохиолдол бүртгэгдсэн.
Сүүлийн 24 цагт 284 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол гэрийн ажиглалтаас 101 хүн гарчээ.
Өнөөдрийн байдлаар:
- Эмнэлгээс эдгэрч гарсан хүний тоо 9,159
- Гэрийн ажиглалтаас эдгэрч гарсан хүний тоо 919
Дархлаажуулалтыг 15 хоног зогсоосон тул энэ талаар мэдээлэл өгөхгүй" гэсэн мэдээллийг өглөө.