"Капитрон Банк" болон "25-р суваг" телевиз Б.Батчулуун, С.Сэрчмаа нартай хийсэн гэрээгээ цуцалжээ
"Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун буюу Баачка, дуучин С.Сэрчмаа нарын сошиалд тавьсан бичлэг нь цахим хэрэглэгчдийн дунд ихээхэн бухимдал, эсэргүүцэл, маргаан дэгдээгээд байгаа билээ. Зүй бус сэдэвтэй тэдний харилцан ярианы бичлэгийг иргэд бэлгийн хүчирхийллийг өөгшүүлж, байж боломгүй үлгэр дууриалал үзүүлсэн хэмээн шүүмжилсэн бол хуульчид "Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг" байх магадлалтай тул прокурорын шалгалт хийх үндэслэлтэй гэж үзжээ. Иймд цахим хэрэглэгчид, инфлүэнсэрүүд Б.Батчулуун, С.Сэрчмаа нарыг уучлал гуйж, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхийг шаардахын зэрэгцээ иргэдэд дээрх хоёр уран бүтээлчийн дууг сонсохгүй байх, байгууллагуудад тэдэнтэй хийсэн гэрээгээ цуцлахыг уриалсаар байгаа юм.
Тэгвэл өчигдөр буюу 4-р сарын 10-нд "25 дугаар суваг" телевиз дуучин Сэрчмаатай цаашид хамтран ажиллахгүй болсноо мэдэгджээ. "Манай телевизтэй хамтран ажиллаж, "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг бэлтгэн гаргаж байсан дуучин С.Сэрчмаа өөрийн фэйсбүүкээр цахим орчинд ёс зүйгүй үйлдэл гаргасанд гүнээ харамсаж, үзэгчид та бүхнээсээ уучлал хүсье!
Цаашид манай телевиз "Nyambaa&Sally's home" нэвтрүүлгийг эфирт гаргахгүй болсныг мэдэгдье!" гэсэн байна.
Түүнчлэн "Капитрон Банк"-ны маркетингийн захирал Э.Учрал дуучин Батчулуунтай хамтран ажиллах гэрээгээ цуцалж хамтын ажиллагаагаа дуусгавар болгож байгаагаа сошиал хаягаараа дамжуулан мэдэгдсэн байна.