"Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон" гэв
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: "Өмгөөлөгч Б.Баасанцогт шүүгч нарт нөлөөлсөн нь тогтоогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа талаар АТГ-аас бидэнд мэдээлсэн. Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд энэхүү хэрэг дээр онцгой анхааран ажиллаж байгаа талаар ажлын хэсэгт албан бичиг ирүүлсэн. Өмгөөлөгч Б.Баасанцогт болон бусад нэр бүхий шүүгч нартай холбоотой асуудлууд дээр цагдаагийн байгууллага хэрэг бүртгэх хэрэг нээгээд үүнийг АТГ харъяаллын дагуу шилжүүлээд АТГ дээр мөрдөн байцаах шалгалт хийгдэж байна.Энэ хэрэг дээр Улсын Ерөнхий Прокурор мөн ажлын хэсэг гаргаж шалгаж байна.
Түүнчлэн ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ- руу зорчиж, Алтанбулагийн боомтоор орж ирэхдээ их хэмжээний ам.доллар авчирсан гэх мэдээллийг ТЕГ шалгаж байгаа талаар мөн мэдээлэл ирүүлсэн.
Нэр бүхий шүүгч, прокурор, хуулийн ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны талаар иргэдээс мөн гомдол, мэдээлэл ирж байгаа. Бид бүх хуулийн ажилтан алба хаагч шүүгч прокурор нар биш хэдхэн ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа явуулдаг хонгилын хэдхэн шүүгч, прокурор, хуулийн ажилтан албан хаагч нарт л хариуцлага тооцох тухай ярьж байгаа юм" гэв.
Харин УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Хууль хяналтын байгууллагын хүмүүс тэр чигтээ бүгд хонгилын хүмүүс гэдэг мэдээж худал. Энэ дотор өчнөөн шударга шүүгч, прокурор, АТГ-ын маш олон шударга албан хаагч нар байгаа. Энэ хүмүүсийн нэр хүндийг унагаж байгаа сүлжээг бид нар олж илрүүлж, хариуцлага тооцох болно.
Бизнесээ дээрэмдүүлсэн гэх иргэн Чингүүн, Билэгт, ДЭМ санхүүгийн нэгдлийн гомдлуудад өнөөх л өмгөөлөгч Б.Баасандорж, УЕП-ын орлогч С.Алиманцэцэг, Нийслэлийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор Ш.Нямдорж, НПГ-ын орлогч асан Ц.Насанбат нар оролцсон байна. Бид энэхүү гомдлуудыг АТГ-г өгч шалгуулна . Шаардлагатай бол УИХ дээр энэ хэргийн шалгах үйл явц ямар хэмжээнд явж байгаа асуудлаар бид нар танилцуулга авах бүрэн боломжтой гэж үзэж байна" хэмээсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдээллийн төгсгөлд: "Хамтран хоорондоо хэрэг наймаалцдаг, Улсын хилээр их хэмжээний мөнгө оруулж ирсэн шүүгч, хэрэг төлөвлөдөг байж болзошгүй, өмгөөлөгч нар нь шүүгч шүүхийн ажилтнууд луу мөнгө шилжүүлсэн баримт ил болсон мэдээллүүдэд үндэслэж хууль бусаар ажиллаж байгаа хууль хяналтын ажилтнуудад хариуцлага тооцуулна. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа гэмт хэргийн үйл ажиллагаа, шүүх, цагдаа, прокурор, АТГ-т хэрхэн яаж явж байгаа талаар байнга мэдээлэл авч тухайн байгууллагад хяналт шалгалт, шаардлагыг хүргүүлж үр дүнг нь хэвлэл мэдээлэл олон нийтэд мэдээлэх үйл хэргийг та бүхэнтэй хамтарч хийнэ” гэлээ.