“Салхитын ордын” гэх хэргийн холбогдогчдоос хураасан 1.4 сая ам.долларыг Төрийн санд шилжүүлжээ
“Салхитын мөнгөний ордын” гэх тодотголтой, шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн ажилтан холбогдсон хээл хахуулийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны тавдугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нар 50 саяас дээш төгрөгийн хахууль Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Ц.Өнөрцэцэг нарын зуучлагчаар дамжуулан авсан хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгаж, нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг Ерөнхийлөгчийн зарлигаар түдгэлзүүлсэн нь тухайн үедээ олны анхаарал татаж байв.
Улсын дээд шүүх уг хэргийг өнгөрсөн оны аравдугаар сард эцэслэн шийдвэрлэснээр хэргийг шалгах үед эд мөрийн баримтаар хураасан их хэмжээний ам.доллар болон гэмт хэргийн замаар олсон бусад орлогыг хэрхэх нь тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, шүүгч асан Б.Цолмонбаатар, Э.Халиунбаяр нарт гурав, цагдаагийн офицер байсан Г.Алтан-Очирт хоёр жил хорих ял оноож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 50 сая төгрөгийг Г.Алтан-Очироос, 60 сая төгрөгийг Б.Цолмонбаатараас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Мөн энэ хэргийг шалгах явцад 2018 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг, “220к резиденс” байрнаас эд мөрийн баримтаар хураан, битүүмжилсэн нэг сая 445 мянга 200 ам.долларыг улсын орлого болгож, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг төрд буцаан авах шийдвэр гаргасан юм.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, албан ёсоор баталгаажсанаар АТГ-ынхан уржигдар Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд дээрх хураасан их хэмжээний мөнгийг шилжүүллээ. Ташрамд дурдахад, АТГ-ынхан 2020 онд явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр 35.6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 10.1 тэрбум гаруй төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалаад байгаа аж.