Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдэж, өвчилсөн хүмүүсийг гэрт нь тусгаарлаж, айж түгшсэн байдалтай байна. Ойрын хавьтлын хүмүүс сайн дураараа шинжилгээ өгье гэхэд хүлээж авах газар олдохгүй, хувийн эмнэлэгт 98 мянган төгрөг төлж өгөх, эсэхээ шийдэж ядахын зэрэгцээ мөнгөний гачаалтай, амаргүй байгаагаа хэлсээр. Өвчин орон нутагт, тэр дундаа сумдад хүрсэн. Уулын аман дахь малчны хот руу дөхсөөр байна. Ийм нөхцөлд Улсын (УОК) болон нийслэлийн Онцгой комисс (НОК)-ын удирдлагуудын шийдвэр авцалдахгүй, зөрүүтэй байгаа нь өвчний тархалтын хүрээг хумих биш, эсрэгээрээ тэлэхэд нэрмээс болсныг иргэд шүүмжилж буй билээ. “Би мэдэж байна” гэх Нийслэлийн Засаг даргын зоримог бөгөөд золиостой хандлага улс орныг тэр чигт нь цар тахалд тавиад туучих шинжтэй болов.
УОК-оос өнгөрсөн сарын 31-нд тухайн өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн долдугаарт заасныг хэрэгжүүлэх зорилгоор өвчний тархалтыг бууруулахад хэд хэдэн заалт бүхий “Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтын “Улбар шар” түвшинд шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” гэсэн 01 тоот тогтоол гаргасан. Үүний нэгдүгээрт, ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх болон бялдаржуулах төв, амралт, сувиллын үйл ажиллагааг түр зогсоох тухай бий. Зохицуулж, хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга дарга нарт үүрэг болгосон билээ. Тухайн тогтоолын тэргүүн дэсийн уг заалтыг энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж, хүн олноор цугладаг эдгээр үйлчилгээний газруудын үүдийг хаасан сан бол тархалт одоогийнх шиг хүрээгээ тэлэхгүй байсан ч юм бил үү.
УОК хэмээх байгууллага яагаад байдаг, юуны учир аль нэг салбарын бус, улсын Шадар сайдаар ахлуулдаг вэ. Шадар сайд нь зэрэг дэвийн эрэмбээр Ерөнхий сайдын удаах албан тушаалтан учраас бусад сайд болон аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгөх эрх бүхий субъект. Түүний гарын үсэг болон байгууллагын тамгаар баталгаажсан үүрэг, даалгаврыг энд дурдсан албан тушаалтнууд биелүүлэх үүрэгтэй. Ялангуяа гамшгийн нэг хэлбэр нийгмийг хамарсан халдварт өвчний үеийн зохион байгуулалт бол дайны үеийнхтэй зүйрлүүлэм хатуу чанд байх учиртай. Гэтэл аюулт өвчин өдөр, цагаар түрэмгийлсээр байгаа энэ үед УОК-оос албан тоотоор тогтоол хүргүүлсээр байтал биелүүлж, хэрэгжүүлэхгүй, үл тоон, энэ тухай хөндөх ч үгүй хээвнэг суух нийслэлийн Засаг даргыг зөвтгөх арга олдохгүй байна.
УОК-ын дарга нь Засгийн газрын хуралдааныг үндэслэн чиг үүргийн дагуу захирагдах албан тушаалтнуудад тогтоолоор үүрэг, даалгавар өгөхөд нь энэ мэтчилэн цаашид ч биелүүлэхгүй бол юу болох, яах вэ. Гамшиг, хүнд нөхцөл байдлын үед авах арга хэмжээнүүдийг нэгдсэн удирдлагаар хангах шаардлага эн тэргүүнийх. Тийм ч учраас онцгой байдлын үед нэг толгойтой ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс УОК-ыг Шадар сайдаар ахлуулна хэмээн хуульчилсан хэрэг. Д.Сумъяабазар дарга цаашид эрхбиш сүүлийн өдрүүдэд авирлаж байсан шигээ “УОК-ын тогтоол хамаагүй” гэх лүгээ адил яваад байхгүй байлгүй. Хэрвээ үл тоосоор байх аваас халдварын тархалт үүнээс дордоно. Тэр цагт Засаг даргад хариуцлага тооцож, ажлыг нь өөр хүнд хариуцуулдаг юм гэхэд коронавирусээр өвдсөн, өвдөх олон хүний эрүүл мэнд, амь насны хохирлыг тэрбээр барагдуулж чадах уу.
Нийслэл хэмээх их айлд бүтээн байгуулалтаас авхуулаад хийх, урагшлуулах ажил олон бий. Тэр бүхэнд Засаг дарга санаа тавьж, удирдан зохицуулах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ их айлын хамгийн үнэ цэнтэй нь хүн ам, тэдний эрүүл мэнд. Д.Сумъяабазар дарга “УОК, НОК-ын хооронд шийдвэр, бодлогын зөрүү гарч байсныг үгүйсгэхгүй. Би иргэд, аж ахуйн нэгжийнхээ бизнесийн үйл ажиллагааг хамгаалах байр сууриас хандаж ирсэн. Тиймээс зарим үед зөрчилдөж байсан” гэж нэг бус удаа мэдэгдсэн. Түүний энэ байр суурь, нэг талын “тууштай зүтгэл” нийслэлд коронавирусийн халдвар өдөрт 500-800 батлагдсан тохиолдол бүртгэгдэх хүртэл нэмлээ гэж ч үзэхээр. Ресторануудыг түр хугацаагаар хаах нь ямар давуу талтай вэ. Жишээ авъя. Сүхбаатар дүүрэгт байрлах, хуучнаар хүнсний 50 дугаар дэлгүүрийн баруун талын гадаад нэртэй рестораны гадаа өдөр ч, орой ч хөлчүү залуус арваадаараа тамхилж зогсдог. Амны хаалттай хүн нэг ч байдаггүй. Архи, шар айраг уух үедээ амны хаалтгүй суудаг юм гэж бодъё. Журмын дагуу ширээ хооронд зайтай ч юм гэж саная. Гэтэл залуус халамцаад ирэхийн цагт хоорондоо юм ярих гээд хаалганых нь гадаа шавааралдаж байдаг. Юун хоорондын зай барих. Инээлдэж, зарим үед маргалдан бие биеийнхээ аманд орчих шахдаг. Нийслэл даяар ийм ресторан хэд байгаа билээ, тэдгээрт хэдэн хүн үйлчлүүлдэг вэ гээд бодохоор “Бизнесийнхнийхээ ашиг, орлогыг бодож байна” гэж мэдэгдэн бүхнийг нээлттэй байлгадаг Засаг даргынхаа ивээлээр хотоороо өвдөх нь үү дээ гэсэн эвгүй бодол төрж буй юм. Энэ бол нэг л жишээ.
Нөгөө талаас иргэдийн ухамсар өндөр сөн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр тэдэнд итгээд үйлчилгээний газруудыг “дарамтлахгүй” байж болох санж. Гэтэл хөгшин, залуугүй дор бүрнээ зөв, буруу ярьж, бусдыг өөд нь биш, уруу татах хүн олонтой манай улсад олон нийтэд бие сайн авч явж, хариуцлагатай байх болно гэж итгэх арга алга. Гадаадад амьдардаг нөхөдтэй холбогдож, оршин суугаа газарт нь халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж буй талаар асуухад дор бүрнээ өөрсдийн баримталдаг дүрэм, журмын талаар ярьж өгөв. Тухайлбал, АНУ-ын Арлингтон хотынхон олон нийтийн газарт бүгд амны хаалттай явдаг, цахилгаан шатанд хоёроос илүү хүн ордоггүй гэнэ. Бас америкчууд хавчуургатай талх болон хоол хэмээдэг биологийн нэмэлт бүтээгдэхүүнээс татгалзах хандлагатай болсон аж. Яагаад гэхээр халдварын улмаас нас барагсдын олонх нь настайчууд буюу дархлаа муутай хүмүүс. Бас хэт тарган байх нь дархлаа бууруулдгийг ойлгосноор биеэ эрүүл чийрэг байлгах үүднээс өглөө тогтмол гүйж, дасгал хийдэг, өдөр, оройдоо алхдаг хүний тоо эрс нэмэгдсэн ажээ. Хариу өгсөн хүний яриагаар өглөө гүйж, дасгал хийдэг хүмүүс “язганаж” байдаг гэнэ. Төр, засгаас нь иргэддээ нэг мөр ойлголттой болтол нь ухуулан таниулдаг, иргэд нь хүлээж авах ухамсартай улс, хотод үйлчилгээний байгууллагынхан ч тайван ажиллаж, тэнд хооллож ундлан, ганц, хоёр хундага сархад хүртсэн ч манайхан шиг замбараагүйтдэггүй бололтой. Төр, засгаас удирдамж, дүрэм, журмыг хэнд ч ойлгомжтойгоор, нэг мөр өгөх нь ч удирдлага сайтайгийнх бөгөөд олон толгой байдаггүйтэй холбоотой болов уу.
Цар тахал хүрээгээ тэлсэн энэ цаг үед нөхцөл байдалд дүгнэлт хийн, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэг бүхий “дээд” байгууллага болох УОК-ын гаргасан шийдвэрийг энд хэлсэнчлэн дараагийн шатны удирдлага нь хүлээж авахгүйн улмаас түүний удаах шат болгонд УОК-ын шийдвэр хэрэгждэггүй байдлыг халах шаардлага тулгамдах болов. Халах, арга хэмжээ авах эрх мэдэл бүхий субъект нь эрх биш анзаарч буй биз ээ. Арга хэмжээ авах гэдэг нь ажлаас халах гэсэн үг биш бөгөөд наанадаж УОК-ын шийдвэрийг хүлээж авч, хэрэгжүүлдэг болгохын нэр юм. Бүгдээрээ зөвшилцвөл буруугүй гэдэг. Хэрвээ хоёр байгууллагыг даруй нэг “толгой”-той болгохгүй бол аюул гал мэт дүрэлзэж мэдэх нь.
Мөн иргэд ухамсар, хариуцлагаа дээшлүүлмээр байна. Хавь ойрынхон, үр хүүхдэдээ сайн үлгэр үзүүлдэг баймаар юм. Ахмадууд энд тэндээс дуулсан үнэн, худал мэдээллүүдийг хольж хутган сөрөг сурталчилгаа явуулах нь таагүй. ЭМЯ-наас хүн, хүч хүрэлцэхээ байж, нас баралт ч нэмэгдэх боллоо гэж мэдээлснийг “Ажил нь юм чинь хийлгүй яах юм, засгаас өчнөөн харж үзэж байгаа биз дээ” гэх зэргээр бурах. Нийслэлийн Засаг дарга эмч, эмнэлгийн ажилтнуудын талаар “Биеийн амрыг харлаа” гэх утгатайгаар хэлсэн нь олон нийтэд ингэж нөлөөлсөн бололтой.
Вакцины эхний тунг хийлгэсний дараа 800 гаруй хүн халдвар авчээ. Нэг тун хүчингүй, хоёр болбол хамгаалах магадлал тэдэн хувь гэж ЭМЯ-наас мэдээлсээр байтал сонсоогүй мэт хайнга хандсаар ийнхүү олноор халдвар авсан гэхээс яах вэ. Гурав, дөрөвхөн “Болохгүй” гэсэн “заалт” бүхий дүрмийг хэдхэн сар дагаж мөрдвөл хөнөөлт өвчнөөс ангид байж, даван туулах зам харагдаад байхад заавал өвчин дундуур туучих лугаа адил өөрөө ч хэнэггүй аашилж, өрөөлд ч буруу, муугаар нөлөөлөх нь оюун муутайгийнх гэлтэй. Нийслэлийн оршин суугчид ийм санаа, хэтийн бодолтой байгаад хот хэмээх их айлын “аав”-ын сөрөг хандлагын нөлөө их хэмээн үзэж байна. Шилэн байшинд зөөлөн сандалд суун, эрх мэдэлд дулдуйдан оршин суугчид, ард иргэдийн эрүүл мэндэд халтайгаар НОК-ыг удирдах гэж суугаа дарга андуу боддогоо хүлээн зөвшөөрч УОК-ын шийдвэрийг биелүүлдэг, хэрэгжүүлдэг болох байх хэмээн найдна.