“Рио тинто”-гоос илгээсэн учирласан мессеж
“Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээний талаар ямар байр суурь илэрхийлэх нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Монголд ирж, “Ковид-19”-ийн үеийн дүрэм, журмын дагуу 14 хоног тусгаарлагдсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Оюутолгойн ордын ашиглалтад Монголын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын хэрэгжилтийг хянах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Б.Болд болон “Рио тинто”-гийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нартай өмнө нь хэд хэдэн удаа цахим уулзалт хийсэн. Тэгэхээр хоёр тал аль хэдийн хэлэлцээний эхний шатны нарийн мэдээллээ солилцсон байж таарна. Хэлэлцээг эцэслэтэл мэдээллээ задалдаггүй “дүрэмтэй”. Тиймээс Б.Болд хэлэлцээтэй холбоотой нарийн мэдээллийг дурдсангүй. Ерөнхий зүйл ярьж, хэлэлцээнд баримталж буй зарчмын байр суурийнхаа талаар монголчууд руу мессеж “нисгэлээ”.
Түүний эхний мессеж нь Монгол Улсын иргэн “Рио тинто”-гийн талаас хэлэлцээг ахалж байгаа учраас эх орондоо муу зүйл хийхгүй гэсэн агуулгатай байв. Тэрбээр “Манай хүүхдүүд хүртэл Монгол Улсын паспорттой. Хүүхдүүд маань нэгэн цагт эх орондоо ирж амьдарна. Би хүүхдүүдийнхээ ирээдүйд муу зүйл хийхийг хүсэхгүй” гэж ярьсан. Монголчуудынхаа итгэлийг олж, сэтгэлийг татах мессеж илгээсэн нь энэ. Бид үндэстэн дамнан үйл ажиллагаа явуулдаг том корпорацын удирдлагын түвшинд ажиллаж буй Б.Болдоор байнга бахархаж ирсэн. Тэр бол монгол хүн. Гэхдээ “Би монгол хүн” учраас гээд найр тавиад бүх талын боломж, давамгайллыг олгосон хэлэлцээ хийхгүй болов уу. Б.Болд мэргэжлийн хүн. Тиймээс мэргэжлийн үүднээс харж, мэдэрч ажиллана гэж бодож байна.
Б.Болдын дараагийн мессеж нь Монгол Улсын Засгийн газар болон “Рио тинто” дайсан биш гэсэн санааг ойлгуулах байв. Дайснууд биш учраас ширээний хоёр талаас хэрэлдэхгүй, гэрийнхээ тооныг тойрч сууж ярилцаад учраа олсон нь дээр гэв. Тэрбээр монгол ахуйд ойртуулан тооноо тойрч суугаад ярилцах гэсэн үг хэрэглэсэн нь хамтраад тулгарсан асуудлаа шийдвэрлэе гэсэн санаагаа ойлгуулах ончтой хэллэг байлаа. Мөн тэрбээр эл санаагаа тодотгон тойрч сууж асуудлаа шийдвэрлээд дэлхийн бусад том корпорацтай өрсөлдье гэв.
Энэ бол бид хоорондоо биш, хамтарсан төслөө хөгжүүлж, бусадтай өрсөлдөх хэрэгтэй гэсэн санааг нэг мөр ойлгуулах үг байлаа. Түүний ярилцлагууд бүгд учирлаж тайлбарласан өнгө аястай байсан. “Рио тинто”-гийн олон нийтэд өгч буй эхний мессежээр хэлэлцээнд хатуурхахгүй юм байна гэсэн бодол төрлөө. “Рио тинто”-гийн хийсэн төсөөлөл, тооцоолол буруу байснаас шалтгаалж, “Оюутолгой” төсөлтэй холбоотой хэлэлцээг гурав дахь удаагаа хийж байна. Мөн алдаатай, бодит бус тооцооллын улмаас хөрөнгө оруулалтын өгөөж буурлаа.
“Рио тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тооно тойрч сууж ярилцахаар Монголдоо бусдыг төлөөлөн ирсэн. Манай Засгийн газар ч хүрээд ир ярилцъя гэж дуудсан аж. Гэвч хоёр талыг төлөөлж буй монголчууд одоог хүртэл уулзаагүй байна. Б.Болдтой хамт “Рио тинто”-гийн Зэсийн группийн өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх Монголд ирсэн. Тэд Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийнхэнтэй уулзахаар хүлээж байна. Бараг долоо хоног хүлээлээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр хоёр тал энэ долоо хоногийн сүүлчээр уулзаж магадгүй гэнэ. Тодорхойгүй байгаа шалтгаан нь Монголын талын ажлын хэсгийнхэнтэй холбоотой аж. Манайхан хэзээ уулзах, хэрхэхээ хэлэхгүй байгаа бололтой. Хэрэв энэ долоо хоногийн сүүлчээр уулзах боломж гаргахгүй бол Б.Болд, С.Мөнхсүх нар Лондон руу буцах нь. Зарим эх сурвалж Б.Болд бусад ажлаа амжуулахаар буцаад, С.Мөнхсүх үлдэж Монголын талын ажлын хэсгийнхэнтэй нүүр тулах нь гэж байв. Гэвч албан эх сурвалж уг мэдээллийг няцаалаа.
Монголын Засгийн газар энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнө “Оюутолгой” компанийн ӨМӨЗО-оос цахилгаан эрчим хүч худалдаж авах гэрээг сунгаж өгөх үүрэг хүлээсэн байлаа. Мөн энэ оны гуравдугаар сарын 31 гэхэд төрийн өмчит цахилгаан станцаас цахилгаан эрчим хүч худалдаж авах гэрээг байгуулах үүрэгтэй байв. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордыг түшиглэн барих цахилгаан станцаас “Оюутолгой” компанид нийлүүлэх эрчим хүчний хэмжээ, үнэ тарифыг тохиролцох байсан гэсэн үг. Гэвч гэрээгээр тохирсон энэ тохиролцоо ажил хэрэг болсонгүй. Манай Засгийн газар л хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа бололтой. Ингэх шалтаг, шалтгаан ч байж магадгүй. Хэрэв хоёр тал тооноо тойроод ярилцаад суувал энэ мэт тулгамдсан асуудлуудаа захаас нь шийдээд явах биз.
Б.Болдын өгсөн өөр нэгэн мессеж нь Монголын тал “Оюутолгой” компаниас эзэмшдэг 34 хувийн хувьцааг өсөн нэмэгдэх татвараар солих хэрэггүй гэсэн санаа байв. УИХ-аас баталсан Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолд 34 хувийн хувьцаагаа өсөн нэмэгдэх татвар, бүтээгдэхүүн хуваах нөхцөлөөр сольж өгөөжөө хүртэхийг тусгасан. Б.Болд энэ бол буруу шийдвэр гэдгийг хувийн зүгээс хэлж буйгаа онцлон тэмдэглэсэн юм. Монголын талын ажлын хэсгийнхэн ч 34 хувийн хувьцаанаасаа татгалзах нь одоохондоо тохиромжтой шийдвэр биш гэж үзэж байгаа. Харин хөрөнгө оруулалтын зардал хэтэрлээ гэж хэрүүл үүсгэж байхын оронд төслийн үр өгөөжийг өсөн нэмэгдэх татвараар авсан нь дээр гэж үзэх мэргэжилтнүүд бий.
Мэдээж хэрэг Монголын талаас олон санал тавьж буй. “Дубайн гэрээ”-г цуцлах саналыг Монголын тал гаргасан нь олон нийтэд нээлттэй болсон. Б.Болд “Дубайн гэрээ” буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Харин уг төлөвлөгөөг засаж, сайжруулах шаардлага бий. Ялангуяа хөрөнгө оруулалтын зардал хэтэрвэл яах вэ гэдгээ хоёр тал тохиролцох ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн. Монголын талаас Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгааг албан бус эх сурвалж дуулгаж буй. Ийм тохиолдолд зээл авсан, олон улсын санхүүгийн 20 байгууллагаас зөвшөөрөл авах ёстой аж.
Монголын талаас “Оюутолгой” төслийн менежментийн төлбөр, зээлийн хүүг бууруулах саналыг эртнээс гаргаж тавьсан. Тодруулбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байх үед ийм санал гаргаж байсан юм. Энэ удаад ч Монголын тал энэ саналаа тавьж буй. Хэрэв зээлийн менежментийн төлбөр, зээлийн хүүгээ бууруулбал Монголын талын хүртэх өгөөж багасахгүй нь ойлгомжтой. Б.Болд дээш нь мэдүүлээд ямар шийдвэр гаргахыг харна гэлээ. Эцсийн шийдвэрийг би биш, “Рио тинто”-гийн удирдлагууд гаргана гэж учирласан мессеж шидсэн хэрэг.
Монголчууд төслийн нийт үр өгөөжийн 53 хувийг хүртэх саналтай байгаа. Угаасаа ч өгөөжийн түвшнийг ийм хэмжээнд байлгахад хангалттай гэсэн 12 жилийн өмнөх шийдвэрээсээ ухраагүй. Хэрэв бид төслөөс хүртэх өгөөжөө 60-70 хувьд хүргэнэ гэж улайрсан бол өөр хэрэг. Өмнө нь тохирсон өгөөжөө хүртье гэж хэлэлцээнд орж байгаа. Үүнийг УИХ-ын тогтоолд ч тодорхой тусгасан. Харин Б.Болд захирал телевизээр ярилцлага өгөхдөө энэ талаар байр суурь илэрхийлсэнгүй. Түүнээс асуусан ч үгүй.