Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутагт шинээр барьж буй барилга зөрчилтэй байна хэмээх гомдлыг Ус сувгийн удирдах газрынхан энэ сарын 5-нд гаргажээ.
Гомдлын дагуу Хот байгуулалт, хөгжлийн газрынхан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй “Баганат Өргөө” ХХК-ийн шинээр барьж буй барилгын байршилд шалгалт хийхэд цэвэр усны шугамтай зэрэгцүүлэн барилгын суурийн ажил хийж байсныг илрүүлжээ. Мөн инженерийн шугам сүлжээний тодруулга хийгээгүй, батлагдсан загвар зураг төсөлгүй, барилгын тэг тэнхлэгийг газарт бэхлээгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авалгүй зэрэг зөрчил илрүүлжээ. Иймд зөрчлийг арилгах талаар албан шаардлагыг хүргүүлж, барилга угсралтын ажлыг зогсоолоо.