НДШ-ийн хувийг нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022 оны 1 сарын 1 хүртэл хойшлуулахыг шаардаж байна
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо УИХ, Засгийн Газарт шаардлага хүргүүллээ.
Уг шаардлагад: "МҮЭ-ийн холбооноос нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг эсэргүүцсэн цахим тэмцлийн арга хэмжээг зохион байгуулж УИХ, Засгийн газарт мэдэгдэл, шаардлагуудыг хүргүүлж байсан билээ.
Улмаар МҮЭ-ийн холбооноос тавьсан нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийн асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд төсөвт болон төр, орон нутгийн өмчит газруудыг жигд хамруулах асуудлыг дэмжиж УИХ, Засгийн газраар холбогдох шийдвэрүүдийг гаргуулахаар тогтсон боловч нийгмийн түншлэлийн хүрээнд гаргасан хамтын шийдвэр одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгааг МҮЭ-ийн холбоо эрс буруушаан эсэргүүцэж байна.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн “Даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн 3 хүн” гэсэн 27.2.2 дах заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нэн даруй яаралтай томилж нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлт болон нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар санал боловсруулж холбогдох байгууллагад оруулах зэрэг нийгмийн даатгалын салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардпагатай байна.
Иймд МҮЭ-ийн холбоо, 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын ҮЭ-ийн холбоо, Нийслэл Улаанбаатар хотын ҮЭ-ийн холбоо, нийслэлийн 9 дүүргийн ҮЭ-ийн холбоо, 21 аймгийн ҮЭ-ийн холбоод иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй дараах асуудлуудыг дэмжин УИХ, Засгийн газраас холбогдох арга хэмжээг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны дотор авч хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Үүнд:
1. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулах, царцаах.
2. Нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, чөлөөлөх асуудлыг төрийн, хувийн хэвшлийн гэж аливаа ялгаварлал үүсгэхгүй авч үзэж шийдвэрлэх.
3. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох хуульд заасны дагуу даатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалсан үйлдвэрчний эвлэлийг төлөөлсөн гишүүдийг хэлэлцүүлж томилох.
Шаардлагын хариуг хугацаанд нь ирүүлж холбогдох арга хэмжээ аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн арга хэмжээнд шилжих болохоо МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын зүгээс мэдэгдэж байна.
Нийгмийн түншлэл, сайн үйлс хөгжих болтугай. " гэсэн байв.