Ү.Сарнай: Хань Б.Хурцынхаа төлөө эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэнээ мэдэгдье
Өнгөрсөн долоо хоногт Б.Хурц нарын есөн иргэнд холбогдох Дээд шүүхийн шүүх хурал болж тус тус хорих ял болон торгууль ногдуулсан. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэргий Ү.Сарнай холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан нарт шаардлага хүргүүлэх нь
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын иргэний хувьд би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Б.Хурц нарт холбогдох "Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргуулах тухай хүсэлтийг хэд хэдэн удаа хүргүүлж байсан. Гэвч ямар ч хариу өгсөнгүй. Харин миний хань Б.Хурцад Улсын Дээд шүүхээс 1.6 жил хорих ял оноолоо.
АТГ-ын дэд дарга байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө аваачиж, тэдэнд "Монголд хууль байдаг юм шүү” гэдгийг сануулж, ТЕГ-ын даргаар ажиллах үедээ улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, нэг нэгнээсээ өс хонзон авах зэвсэг болсоор ирсэн, үнэн хэрэгтээ илрүүлэх ямар ч хүсэл эрмэлзэлгүйгээр сейфнийхээ мухарт хав дарж орхисон С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр өдөр, шөнөгүй зүтгэж, "Ц.Нямдорж гэдэг хүн ерөөсөө хоёрхон зүйл л ярьдаг.
Нэг нь "Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Энэ хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг хэд хэдэн удаа тарааж байсан” гэж хэлснийхээ төлөө Б.Хурц гэдэг хүн өнөөдөр өргөст торны цаана сууж байна. Шуудхан хэлэхэд, тагнуулч Б.Хурцыг удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил байлгахгүй байх "хор”-ыг Төрийн ордонд найруулж, тэр нь Улсын Дээд шүүх дээр бодит биеллээ олсныг хашир ухаантай, хэрсүү ард түмэн маань хэдийнэ ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүх хурлыг Улсын Дээд шүүх дээр 2021 оны гуравдугаар сарын 31-нд товлоход өмнөх өдөр нь хэн Сүхбаатарын талбайд гэнэт гарч ирж, майхантай өлсгөлөн зарлагчтай мөлхөөгөөрөө уулзсаныг, бас шүүхээс Б.Хурц нарт ял оноосны дараа хэн сэтгүүлчдэд ярилцлага өгч, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүдээр хүмүүсийн тархийг угааж байсныг бүгд л харцгаалаа.
Энэ бүхэн улстөрчдийн араа шүдэнд олон жил зуугдсан Б.Хурцыг "Эрүүдэн шүүгч, яргачин” гэж харлуулах, өшөө хорслоо тайлах зорилго бүхий зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг ард олноороо харж, мэдэрч, ойлгож байна. Харин энэ дашрамд нэг зүйлийг залруулж бичье гэж бодлоо.
Миний ханийг хорих анги руу авч явсны маргааш ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх бүхий л зүйлийг таныг хийж байна. Таны зохиолоор л энэ хэргийн хувь заяа яваа гэдгийг Г.Эрдэнэбат прокурор онцолсон” гэх сэтгүүлчийн асуултад "Харин би Б.Хурц, Г.Эрдэнэбат нар зохиолыг бичсэн гэж шулуухан хэлнэ” гэж хариулжээ.
Энэ хариултыг уншаад маш их цочирдлоо. Миний хань болон хууль хяналтын байгууллагын жирийн ажилтнуудад төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх, тэр тусмаа Ц.Нямдоржийн хэлсэнчлэн зохиол бичээд суух ямар шаардлага байх билээ?! Энэ арай дэндүү гүтгэлэг биш үү. Ханьд минь хүссэн ялаа тулгачихаад ар хударгаар нь ийм зохиол ярьж суугаа Ц.Нямдорж дарга та өөрийнхөө хэлсэнчлэн "Монголд 1970-аад оноос хойш гарсан дуулиант хэргүүдийг бүгдийг нь гадарладаг”-ийн хувьд баталгаа, нотолгоотой хариулт өгнө үү. Үүнээс гадна "Б.Хурц нарт "Эрүүдэн шүүсэн”, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон” гэх тархи угаалтыг ЗГХЭГ-ын дарга нь өөрийн биеэр хийснийг уншаад үнэхээр их харамслаа.
Улсын Дээд шүүх Б.Хурц нарт холбогдох хэргийг хэлэлцээд "Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, "Эрүүдэн шүүсэн” гэдэг үндэслэлээр ял оноосон. Монголын бүх л сайт, хэвлэлээр гарсан энэ мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хараагүй, уншаагүй байв гэж. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажилласан хүний хувьд шүүхийн шийдвэрийг ойлгоогүй гэхэд итгэхэд хэцүү л юм.
Б.Хурц эрүүдэн шүүсэн үү, аль эсвэл эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан уу. Ханийг маань ТЕГ-ын даргын албаа өгсний дараахнаас нэг ийм зорилтот зохиол нийгэмд биежиж, УИХ-ын гишүүдээс эхлээд жирийн иргэдийг айдаст автуулах зорилгоо ч популист улстөрчид амжилттай биелүүлэв. Гэвч үнэн хэрэгтээ "Эрүүдэн шүүсэн” гэх тэр үйл явдал Б.Хурц гэдэг хүнд яг ямар хамаатай вэ.
Миний ханьд тэдгээр иргэдийг шоронгийн камерт эрүүдэн шүүлгэх ямар шаардлага байх вэ? Энэ бүхнийг Монгол төрийн гурван өндөрлөг болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар нараас асуумаар байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос гүйцэтгэх ажлын төсвийг баталдаг, ТЕГ-ын дарга нь тэрхүү төсвийг бичиг цаас, бензин тос гээд шаардлагатай зүйлд зарцуулахад л гарын үсэг зурна уу гэхээс биш "Тэр хүмүүсийг яргал, эрүүдэн шүү” гээд тушаал гаргадаггүйг та бүхэн сайн мэднэ.
Эрүүл ухаанд багтамгүй ийм л зохиолыг Б.Хурцад хонзогносон бүлэглэл бичиж, олон нийтийг айдаст автуулан байж амжилттай зохион байгууллаа. Тэр зохиол нь Б.Хурц гэдэг ганцхан эсрэг дүртэй шүү бүр! "Гэмт хэрэгтэн л гэмт хэргийг нуун дарагдуулж чадна” гэдэгчлэн мөнөөх "Шударга бусын хонгил” ярьж нийгмийг жихүүдэст автуулдаг улстөрчид өөрсдийн гэсэн хонгилоо хэдийнэ угсарч миний хань Б.Хурцад хилс хэрэг тохлоо. Учир иймээс "Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, мөн ханийн минь эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтын өөр нэгэн сэдэв болсоор ирсэн Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахыг дахин шаардаж байна.
С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд ч мөн адил. "Улсын нууцаас гаргана” л гэнэ. Бүхэлд нь үү, хэсэгчлэн үү, аль эсвэл өөрсдөдөө ашигтай хэдэн бичлэг цацаж "Б.Хурц гэдэг яргачин ийм л жигшүүртэй хүн” хэмээх энтертайнмент улс төрөө үргэлжлүүлэх гэж байна уу? Үнэнийг хэлэхэд, Монголын ард түмэн улам хэрсүү болж байна.
Эрх мэдэлтнүүдийн хэн нь хэн бэ гэдгийг өдөр ирэх тусам улам сайн таньж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг ярихаараа хэн хамгийн их сандарч, нүүрээ улалзуулж, шилээ маажиж буйг ч ард түмэн маш тод харж байна. Тиймээс та бүхэн энэ удаад асуудалд ухаалгаар хандаж, олон жилийн туршид нууц байж, Б.Хурц гэдэг хүнийг "зодох” зодуурын хэрэгсэл болгосоор ирсэн дээрх хэргүүдийг улсын нууцаас бүхэлд нь гаргаж өгч, ард түмэнд Үндсэн хуулиар олгосон мэдэх эрхийг нь хангаж өгнө үү.
Б.Хурцын ар гэрийнхэн бид ч Монголын жирийн иргэдийн хувьд үнэнийг мэдэх эрхтэй. Хэрэв дээрх шаардлагын хариуг биелүүлэхгүй бол шударга үнэний төлөө тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ би мэдэгдэж байна. Миний хань сүүлийн 20 жилийн туршид шударга бусын хонгил гээчийн жинхэнэ золиос болсоор ирлээ. Хань рүү минь чиглэсэн гүтгэлэг, дайралт манай гэр бүлд хар сүүдрээ тусгаж, үр хүүхдүүдийн минь бяцхан зүрхэнд хэзээ ч арилхааргүй хар толбо болон үлдлээ. Ийм учраас би хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэнээ үүгээр мэдэгдье." гэв.
Монгол Улсын иргэн Ү.Сарнай