Энэ долоо хоногийн бямба, ням гарагт зах, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй
Засгийн газар болон УОК-ын тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг дарга А/246 дугаар захирамж гаргаж, хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07.00-20.00 цаг байхаар тогтоосон.
Мөн УОК-ын даргын 18 дугаар тушаалаар батлагдсан “Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-д заасан тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Үүний дагуу томоохон хүнс, барааны захууд 50 хүртэлх хувийн хүчин чадалтайгаар ажиллаж буй. Тэгвэл дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаатай холбоотойгоор их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудын долоо хоногийн амралтын өдрийг дөрөвдүгээр сарын 10-ны бямба, 11-ний ням гарагт байхаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, ирэх амралтын өдрүүдэд их дэлгүүр, зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй, амрах юм.