Гадаадын иргэн Хятадад заавал тусгай зөвшөөрөлтэй, 3-аас дээш одтой буудалд бууна
Гадаадын иргэн Хятадад зугаалахад нэг том зовлонтой болсоон, саяхнаас. Улдаж ядарсан газраа дурын зочид буудлын хаалга татаад хоночих боломжгүй, заавал ч үгүй гадаад улсын иргэн хүлээж авах тусгай зөвшөөрөлтэй, 3-аас дээш одтой, товчхондоо бол 500 юанаас дээш үнэтэй буудалд л хонож болно. Тийм лицензтэй буудал бас нийтлэг биш.
Миний хувьд аяллын явцад үзэж харах зүйлдээ илүүхэн мөнгө зарцуулаад хоног төөрүүлэх газраа аль болох хямдхан шийдчихийг эрмэлздэг. Монголчууд ер нь тийм дээ. Бээжинд ирсэн танилууд лав танайд хоноё гэж шалаад салдаггүй. Буудалд 500-г төлснөөс 200-гийн хямд мотелд хоноод 300-гаар нь нэг илүү хувцас ч болтугай авъя л гэцгээдэг.
Одоо бол уучлаарай, үнэхээр арга байхгүй болжээ. Тиймээс очих хотынхаа үзэх юмнаас илүү орох буудлыхаа байршлыг ирэхээсээ өмнө судалж байгууштай.
Би өчигдөр ирэхдээ буудлаа түрүүлж захиагүй, Тяньжинийг нүхэлсэн баатрын дүрээр шууд аяллаа эхлүүлж баахан явчихаад, орой нь ихэд ядарсан ч орж унах буудал олдохгүй нэлээд бажгадлаа. Гадаад хүмүүс авах лицензтэй буудлын жагсаалт бариад нэлээд хэдэн газарт таксидаж очсон ч баярын үе учраас өрөөнүүд урьдчилсан захиалгаар дүүрчээ.
Ингээд Өвөр монгол гэдэг түлхүүр үгээр хайлт хийж үзэв. Тураг ядрахаар уулаа гэдэгчлэн Өвөрмонгол эзэнтэй буудалд давхиад очвол хууль дүрмээр ам таглахгүй, элгэмсэж садансаад мөнгийг нь төлөхөд ганц хоног нүдээ аниад хонуулчих болов уу гэдэг найдвар төрсөн хэрэг. Тэгээд 内蒙古金马宾馆 гэдэг буудал олоодохлоо. Өвөрмонгол алтан морь гэсэн нэртэй юм. Тяньжиний төмөр замын төв буудлын ч хажууханд аж. 17 сая хүнтэй их хотод Төв өртөөний хажууд гэх нь алт шиг сонсогдох. Давхиад очтол бүх үйлчлэгч, ажилтнууд нь хятадууд байна. Яагаад ч юм, гуйна царайчилна гэсэн бодолтой очсон болохоор шууд л нэг ортой люкс өрөөнд ганц хонуулаач, гадаад паспорттой, уучлаарай гээд аваад хаялаа. Найрсаг нь аргагүй тонголзсоноо, манайх жуулчны лицензтэй, санаа зоволтгүй гэж байна. Уужирлаа. Гэтэл люкс өрөөнүүд дүүрсэн тул таныг энгийн өрөөнд 350-р оруулж болох уу гэв. Үзье харъя ч гэсэнгүй уухайн тас орлоо.
Пээ базарваань, Хятадын 5 одот цаашаа энгийн өрөө байна. Бас тэгээд энэ буудал 酒店 биш 宾馆 гэсэн даруухан нэртэйг яав аа. Эхнийх нь "Их буудал", удаахь нь " Зочид буудал" гэсэн утгатай үгс. Дэн буудал шиг дэлбэрчихсэн газрууд Их буудал нэртэй байх нь Хятадад түгээмэл. Яагаад олон үг болж энийг бичив гэхээр хожим Тяньжинийг зорьж ирэх хүмүүс тогтоогоод авчихад гэмгүй.