ЗӨВЛӨГӨӨ: Эцэг эхийн стресс хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлдөг үү?
АНУ-ийн Мичиганы их сургууль хүн болгон уншвал зохих судалгаа гаргажээ. Тус судалгаанд нийт 405 эцэг эхчүүдийг хамруулсан бөгөөд бүгд 12 хүртэлх насны нэг хүүхэдтэй байв. Ингээд хамгийн сонирхол татахуйц тоон үзүүлэлтүүдийг хүргэж байна.
Тус судалгааны ерөнхий судлаач Шауна Ли "Цар тахлын үед гэрээсээ хичээллэж буй хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд эцэг эхээс нь шууд шалтгаалж байна" хэмээжээ. Цар тахлын энэ үед залуучууд болон бага насны хүүхдүүд гэрээсээ хичээллэж байгаа тул эцэг эхчүүд хараа хяналтаа сулруулахгүй байлгах үүднээс ажлын горимдоо өөрчлөлт оруулж эхэлсэн аж.
Энэхүү шинэ амьдралын хэв маяг нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн асуудалд хэрхэн нөлөөлж буй талаар судалсан эрдэм шинжилгээний ажлыг танилцуулъя.
- Нийт оролцогчдын 35 хувь нь цар тахал эхэлснээс хойш хүүхдүүдийнх нь зан төлөвт ганцаардал, гуниг, сэтгэлийн хямралын шинж тэмдгүүд тус тус илэрсэн гэж мэдээлсэн.
- 4 эцэг эх тутмын нэгд нь ажлын горимын өөрчлөлт орсон.
- 5 насанд хүрэгчид тутмын хоёрт нь сэтгэлийн хямрал эсхүл ядаж л дунд шатны түгшилтийн шинж тэмдэг илэрсэн гэж оношилжээ.
Иймд хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө эцэг эхчүүд өөрсдийгөө тордох нь хамгийн оновчтой алхам болж байна.