Н.Түвшинбаяр найзыгаа хэвтэрт ортол нь зодож, танхайрсан учраас эрэн сурвалжилж байна
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нь өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Их хуралдай” төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн хэрэг гарсан талаар мэдээлж байна.
Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэх мэдээллийг өгчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн газраас хэргийн талаар тодруулахад "Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Н.Түвшинбаяр нь 2008 онд Бээжинд болсон зуны Олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Монгол Улсаас анхны Олимпийн аварга болсон ба 2012 оны Лондонгийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 14-нд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж буй.