Ломбардуудыг зээлийн хүүг гурван хувиас хэтрүүлэхгүй байхыг анхааруулав
ШӨХТГ-т ирүүлж буй гомдлын ихэнх хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой гомдол эзэлж байна. Зарим ломбард зээлийн хүүгээ гурван хувиар биш долоон хувиар олгож байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14.1 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм.
Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” компанид сануулга өгсөн ч удаа дараа дээрх үйлдлийг гаргажээ. Эдийн засаг хүндрэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох журмыг мөрдөж ажиллах нь иргэдэд ч хүндрэл үүсгэхгүй юм. Цар тахлын онцгой үед хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг ШӨХТГ-аас анхаарууллаа.
“Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 14.1 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, зээлдэгчид мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах чухал нь юм.
Эх сурвалж:www.polit.mn