Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад 38 удаа шалгалт хийсэн ч алдаагаа зассангүй
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос зэвсэгт хүчний анги, байгууллагуудад 38 удаа, өнгөрсөн онд гурван удаа хяналт шалгалтыг хийжээ. Цэргийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэх явцад хүний эрхийг ноцтой зөрчих явдал оршсоор байгааг таслан зогсоох шаардлагыг 2021 оны гуравдугаар сарын 2-нд Зэвсэгт хүчний жанжин штабт, Зөвлөмжийг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус хүргүүлсэн байна.
Хүний эрхийн зөрчил, хүнлэг бус харьцааг ямар ч тохиолдолд нуун далдалж, өөгшүүлэн дэмжиж, зөвтгөх ёсгүй. Тиймээс Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар цэргийн анги, байгууллагуудад хяналт шалгалт явуулах Ажлын хэсгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд байгуулжээ. Уг Ажлын хэсэгт ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд орж ажиллахаар боллоо. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн тус ажлын хэсэгт орсноор зэвсэгт хүчний салбар дахь хүний эрхийн зөрчлийг арилгуулах шаардлага, зөвлөмжүүдийнхээ биелэлтийг хянаж, шалгах аж.
ХЭҮК 2018 онд зэвсэгт хүчний 45 алба хаагчийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн байдаг. Сургалт нөлөөллийн ажиллагаанаас гадна цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааг илрүүлэх, гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах, нууцыг чанд хадгалах, мэдээлэгчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр дүрэм, журам батлан мөрдүүлэх, цэргийн анги салбар дахь дотоод хяналтыг сайжруулах, илэрсэн зөрчил бүрт хариуцлага тооцож, хууль хяналтын байгууллагаар шалгуулдаг байхыг Хүний эрхийн үндэсний комисс шаардсаар иржээ.