Халдваргүй иргэнийг шинжилгээний хариу нь эерэг гарсан байна гэж хэлээд ХӨСҮТ рүү хүчээр авч явсан тохиолдол гарчээ. Тухайн иргэн нь “халдвартай хүнтэй хавьтал болоогүй, ХӨСҮТ-ийн орчин нөхцөл тааруу, халдвартай бүсэд очох хүсэлтгүй” байгаагаа илэрхийлсэн боловч хүчээр ийнхүү авч явсан байна.
Гэтэл ХӨСҮТ-д очоод шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан аж. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүн хүсэлтээ өгөөд гарч болох эсэх талаар холбогдох албаны хүнээс тодруулахад “Өөрийн хүсэлтээр ХӨСҮТ-ээс өөр газар луу шилжүүлсэн тохиолдол гарсан уу гэвэл гарсан. Тодруулбал, нэг гэр бүлийн гишүүн нь яармагын 300 ортой эмнэлэгт халдвартай нь батлагдаад эмчлэгдэж байгаа тохиолдолд, дотооддоо ярьж байгаад ганц нэг тохиолдолд шилжүүлэг хийсэн. Өөрөөр бол тийм зүйл байхгүй” гэдгийг хэлэв.
Харин халдварын “Улаанбүс” рүү УОК-ын дарга С.Амарсайханы эхнэр Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д хэвтэж байгаа аав, ээжийнхээ сахиураар очоод нэг хоночихоод “хүйтэн, заваан байна” гээд буцаж гарсан байх юм. Гэтэл энгийн ард иргэдийг халдвартай, халдваргүй нь хамаагүй хүйтэн, тав тухгүй орчинд хаашаа ч гарах боломжгүйгээр хориод байх нь зөв үү.