“Зээлгүй айл, ажилтай хүн, орлоготой дэлгүүр ховор боллоо”
Сонгинохайрхан дүүргийн XXXI хороонд байрлалтай “Мянган булаг” дэлгүүрийн гадна 20 гаруй хүн бөөгнөрөн (өнгөрсөн мягмар гарагт) сайжруулсан түлш түгээлтийн автомашин хүлээж байв. Тэнд зогсож байсан 60 орчим насны нэгэн эмэгтэйтэй дараах яриаг өрнүүллээ.
-Сайхан хаваржиж байна уу та, түлш хүлээж удаан зогсов уу?
-Сайхан хаваржиж байна. 09.30-ийн үед ирээд гурван цаг гаруй боллоо. “Сайн түлш”-ний үнийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмнэ гэсэн. Гадаа дулаарч байгаа учраас ганц, хоёр шуудайг авчихвал 4-5 өдөр түлнэ. Нэг өрх долоо хоногт зургаан уутыг авах эрхтэй ч эгчид нь 2000 орчим төгрөг л байна, хоёрыг авна гэсэн үг.
-Ам бүл хэдүүлээ вэ, амьдрал хэр байна, нууц биш бол хуваалцаж болох уу?
-Манайх хоёр охин, дөрвөн зээ гээд долоон ам бүлтэй. Том охин минь 3-12 насны хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Бага нь оюутан, бид миний тэтгэврийн 320 000 төгрөгийн л орлоготой. Өөрийн гэсэн хашаатай, гэрт амьдардаг.
-Орлого бага юм аа даа. Хүүхдийн мөнгө нэмэр болж байна уу. Том охин нь ямар мэргэжилтэй вэ, ажил хийдэг байв уу. Оюутныхаа сургалтын төлбөрийг хэрхэн төлдөг вэ?
-Оюутны төлбөрийн зээлтэй. Их сургуульд сурдаг нь энд тэнд цагаар ажиллан бага сага мөнгө залгуулдаг ч хөл хорионы улмаас орлогогүй болсон. Том охин мэргэжилгүй ээ, ноолууран хувцас оёдог жижиг үйлдвэрт орж, гаран таван жил орчим сүлжигч хийгээд өнгөрсөн наймдугаар сард цомхотголд өртсөн. Уг нь би зээ нараа хараад, хоёр охин ажиллаад болоод байсан ч одоогоор ажилтай хүн алга. Хүүхдийн мөнгөний нэмэр их байлгүй яах вэ.
-Цаашид эдийн засаг илүү доройтон, ажлын байр бүр ховордоно гэх юм. Танай гэр бүлийнхэнд ямар төлөвлөгөө байгаа бол?
-Төлөвлөгөө гэх юм алга. Ажлын байр их ч, ажил хийх хүн олдохгүй, залуучууд залхуурч байна гэж зурагтаар хүмүүс их ярих юм. Би одоо 62 настай, хувь тэнцүүлж тэтгэвэрт гараад зургаан жил гаруй боллоо. Бараг 50 наснаасаа ажил хайсан гэхэд хилсдэхгүй. Угаагч, туслах тогооч, бэлтгэгч, үйлчлэгч зэргийг хэнээс ч дутахгүй хийх ч өндөр настан гээд ажилд авдаггүй. Охид минь ажилд ордог ч зарим үйлдвэр, аж ахуйн нэгж өдөрт 12-оос дээш цаг болон баяр ёслолоор ч “зарж”, маш бага цалин өгөх зэргээр хүний хөдөлмөрийг шулах юм. Хэрэв хүмүүсийн нас, эзэмшсэн чадварт тохирсон ажлын байр олон, хуульд заасан цагаар ажиллуулж, боломжийн цалин өгдөг бол долоон ам бүлтэй айл 300 000 гаруй төгрөгөөр нэг сар амьдрах гэж чармайж явахгүй байх. Товчхон хэлбэл, амьдрал сайнгүй, ажил олдохгүй, өдөр хоногоо л өнгөрүүлж байна даа.
Гэр хорооллын иргэдийн амьжиргаа, худалдан авах чадвар, жижиг, дунд аж ахуйн нэгж, дэлгүүр, үйлчилгээний газруудын орлого, ашиг ямар байгаа талаар сурвалжлахаар уржигдар гараад, олон хүн цугласан газарт сонирхон очсоноор түүнтэй ийн ярилцсан юм. Дээр дурдсан хороо, дэлгүүрийн орчимд нийтийн тээвэр үйлчилдэггүй болохоор иргэд нь 3-4 буудал газар алхан ГССҮТ-ийн дэргэдээс автобусанд суудаг аж. Энд тэндгүй хог овоорч, шороо шуурсан гэр хорооллын нийтлэг дүр зургийг тэндээс харахын зэрэгцээ хүмүүс түлш хүлээн бухимдан, дэлгүүрт зээл тавин нэрээ бичүүлж буй бололтойг анзаарлаа. “Мянган булаг” дэлгүүрийн эзэн Б.Энхчимэг “Гэр хороолол гэлтгүй хаана ч тэр ойр хавийнх нь хүмүүсийн амьдралын байдлыг хүнсний дэлгүүр, өрхийн эмнэлэг, худгийн түгээгч зэргээс бага боловч мэдэж болно. Манай орлого цар тахал дэгдэн, хөл хорьсноос хойш 60 хувиар буурсан нь энэ хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар багассан гэсэн үг. Ингэснээр дэлгүүртээ олон төрлийн бараа татаж чадахгүй, ядмагхан байгааг харж байгаа биз. Гурил, будаа, ургамлын тос, талх зээлж нэрээ бичүүлэх хүн олширсоор он гарснаас хойш өрийн хоёр дахь дэвтрээ нээлээ. Авлага 800 мянган төгрөгөөс давсан нь тун их дүн шүү. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж буусан өдөр наймаа бага зэрэг идэвхжинэ. Долоо хоногт авах зургаан шуудай сайжруулсан нүүрсийг нэг мөсөн 6000 төгрөгөөр авчихаж чадахгүй, өдөрт ганцыг авахаар ирж дугаарлаад түлш хүрэлцэхгүй дууссанаар нэг шуудай мод зээлээд (мод 4000 төгрөг) явж байна гээд бод” хэмээн ярив.
Чингэлтэй дүүргийн VII хороо буюу Баянхошууны Хөтөлд очлоо. Хотын төв рүү явдаг автобусны буудлын эргэн тойронд супермаркет, үсчин, гуанз, оёдлын цех, зочид буудал гээд үйлчилгээний газар олон, хүн бужигнаж, шороо боссон, хөлтэй хэсэг. Супермаркетад нь уржигдраас нөөцийн мах борлуулж эхэлсэн ч нэг уут хонины махыг багадаа хоёр кг-аар савлан, 12 000 төгрөгөөс дээш үнэлсэн болохоор авах хүн ховор байгаа гэлцэнэ. Хөл хорио байсхийн тавьж буйгаас үйлчилгээний газрууд тогтвортой ажиллаж чадахгүй, орлогогүй болж туйлдаж байгааг иргэд ам уралдан хэлж байв. “Хуушуур хаус” нэртэй гуанзны эзэн Б.Мөнхзул “Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон ээж. Нийтийн байранд сард 160 000 төгрөг төлж амьдардаг. Энд хуушуур хийж зараад зургаан жил болсон, амьжиргааны ганц эх үүсвэр минь. Цар тахал гэж “шуурч” эхэлснээс хойш сарын орлогынхоо дөрөвний гурвыг алдаж, хоёр ажилчнаа халж, нэг туслахтай үлдлээ. ББСБ-аас авсан зээлээ төлөх гэж үйлчлүүлэгч цөөн байсан ч хуушуур хайраад зогсож буй нь энэ. Зээлгүй айл, тогтмол ажил, боломжийн цалинтай иргэн, орлого ихтэй бизнес эрхлэгчид гэр хороололд, ер нь Монголд байгаа юм уу. Төр, засгаас ганцхан юм хүсэх нь хүмүүст чадах зүйлээ хийгээд, зогсолтгүй ажиллах боломж л өгчих, хөл хөдөлгөөнийг битгий хааж боогооч. Муугаар хэлбэл, коронавирус авах эрх үлдээчих, өвдөж эсвэл, өлсөж үхэх хоёрт ялгаа алга” хэмээн уцаартай хэллээ. Ер нь хэнтэй ч уулзан, юуны талаар ч тодруулахыг зорьсон цар тахлын нөлөө, хөл хорио болон түүнээс шалтгаалсан бизнесийн зогсонги байдал, амьжиргааны доройтол, ажлын байрны хомсдолоос өөр зүйл ярихаас хүмүүс татгалзан, бухимдан, төвөгшөөж байв.
Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд буюу 2018 онд гаргасан судалгаагаар манай улсын ядуурлын түвшин 28 орчим хувь буюу гурван хүний нэг нь ядуу гэсэн ангилалд багтсан. Тэдний 42 хувь нь нийслэлд, гэр хороололд амьдарч байгаа аж. Ядуу гэдэг нь нэг сард 166 000-аас бага төгрөг хүнс, ахуйн хэрэглээндээ зарцуулдаг нэгэн гэж ойлгох ба ийм хүмүүсийн 70 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлсэн дүн гарч байв. Эдийн засаг агшин, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж, ажлын байр улам хомсдож байгаа энэ үед, ирэх жилүүдэд гэр хорооллын айлуудын орлого бүр илүүтэй буурч, хүүхэд, тэтгэврийн насныхны амьжиргааны нөхцөл хүндрэхэд ойрхон байна.