Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компанийг зарах дундаж ханш 40-45 сая төгрөг байна
Засгийн газраас эдийн засгийг сэргээх, эрүүл мэндийг хамгаалах 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлж, энэ хүрээнд жилийн гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар олгож эхэлсэн. Үндсэн зээлээ нэг жилийн дараагаас төлж эхэлнэ. Маш бага хүүтэй зэрэг өмнө нь байгаагүй нэн хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа нь худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид, хувь иргэдийг хошууруулж байна.
Гэхдээ эдийн засгийн нөхцөл байдал таагүй, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд эрсдэл өндөртэй энэ цаг үед хүмүүс бага хүүтэй зээл авч, арилжааны банкуудад хадгалуулах замаар хүүгийн зөрүүнээс ашиг хүртэх боломжтой хэмээн эдийн засагчид хардаж байгаа.
Тодруулбал, өнөөгийн байдлаар төв банкны бодлогын хүү зургаан хувь, арилжааны банкуудын хадгаламжийн хүү 9-10 хувьд хэлбэлзэж байна. Үүн дээр хүүнээс хүү тооцох аргачлалаар тооцвол жилд дунджаар 10-11 хувийн хүү тооцогдох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудын хадгаламж болгож хувиргаснаар гурван жилийн хугацаанд дунджаар 20 орчим хувийн ашиг хүртэх боломжтой. Үүнийг 500 сая төгрөгөөр тооцвол 100 гаруй сая төгрөг болж байна. Хэрэв нэгээс дээш буюу 2-3 компаниар зээл авбал ямар ч эрсдэл хүлээхгүйгээр зөвхөн хүүний зөрүүнээс 200-300 гаруй сая төгрөгийн ашиг хүртэх боломжтой байна.
Тэгвэл уг зээлийн хүүгийн татааст улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас жил бүр 60-70 тэрбум төгрөгийг гаргахаар тооцоод байгаа билээ. Нэгэнт ийм ашиг хүртэх боломж бүрэлдсэн учир иргэд, аж ахуйн нэгж банкны шаардлага хангасан аль болох олон компаниар зээл авахаар хөөцөлдөж байгаа аж. Энэ хандлагыг сошиалд компани авна, зарна гэсэн нууцлалтай хэд хэдэн групп, мөн зарын томоохон сайтуудаас харж болохоор байв. Хүмүүсийн хамгийн их сурагласан компаниудын гол шалгуур НӨАТ төлөгч, сүүлийн 2-3 жилд үйл ажиллагаа явуулж байсан, ямар нэг өр төлбөргүй гэсэн байв. Өөрөөр хэлбэл, гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах шалгууртай нийцүүлж байгааг харж болно. Уг шалгуурыг хангасан хүмүүс компаниа 40 сая төгрөгөөс дээш, дунджаар 45 сая төгрөгөөр үнэлж байгаа бол компани худалдаж авах хүсэлтэй иргэд аль болох хямдруулах сонирхолтой байна. Тусгай зөвшөөрөлтэй, Х тайлантай компани зарах зарын доор сайндаа л 1-2 сэтгэгдэл байгаа бол НӨАТ төлөгч компанийн зарын доор 20-оос дээш сэтгэгдэл хөврөнө.
“Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан компаниа 100 сая төгрөгөөс “ярина”
Хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани зарна гэсэн зарын дагуу иргэн Бтэй холбогдож тодруулсан юм. Тэрбээр зээл авах барьцаа хөрөнгөгүй, эргэлтийн хөрөнгө дутагдалтай тул гурван хувийн хүүтэй зээл авах шалгуур хангасан компаниа зарахаар шийдсэн гэв.
-Компани зарна гэсэн зарын дагуу холбогдож байна. Хэдэн онд байгуулагдсан бэ. авсан тохиолдолд гурван хувийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой юу?
-Боломжтой. Бид арилжааны банкнаас зээл авах боломжтой эсэхийг судлуулж үзсэн. Та бүхэн барьцаа хөрөнгө гаргачихвал зээл авах шаардлага бүрэн хангасан байгаа. Байгуулагдаад гурван жил болж байна. Хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн компани юм. Бүтээгдэхүүнээ нийлүүлдэг гэрээт дэлгүүрүүдтэй. Татвар, нийгмийн даатгалын тайлангаа цаг тухайд нь гаргаж ирсэн, ямар нэг асуудалгүй.
-Ямар төрлийн үйлдвэрлэл явуулдаг вэ?
-Манайх хүнсний чиглэлээр ажилладаг. Ерөнхийдөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнтэй гэж ойлгож болно. Худалдаж авбал сар гаруй хэрэглэх бүтээгдэхүүний түүхий эд, шошго, сав баглаа боодол, бүхээгт амьжиргаа цагаан автомашиныг дагалдуулж өгнө. Сүлжээ дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээ, компанийн утасны дугаар, цахим хаяг бүгд дагалдана.
-Үйлдвэрийн байр орох уу?
-Үгүй. Компанийн эрх болон үргэлжлүүлээд ажиллуулах боломжтой дээр дурдсан зүйлс байгаа. Жижиг тоног төхөөрөмжүүд бий. Түүн дээр үнэ тохирч болно. Мөн шаардлагатай гэвэл үйлдвэрлэлийн үйл явц, түгээлт, дэлгүүрүүдтэй харилцах зэрэгт бид туслаад өгч болно.
-Танай компани ямар үнэтэй вэ. яагаад үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа юм бэ?
-100 сая төгрөг. Үйл ажиллагаа эрхлэхээ больж байгаа нь хувийн шалтгаантай. Бас барьцаа хөрөнгөгүй учир банкнаас зээл авч, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх боломжгүй байна. Тиймээс заръя гэж шийдсэн. Бид Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авахаар бэлэн төсөл бичсэн байгаа. Хэрэв авах бол энэ төслөө бас үнэгүй дагалдуулж өгнө.
-100 сая төгрөгөөс хямдруулах уу?
-Уулзаж байж л болно доо. Хямдруулах боломжтой.Гол нь бид ганц компанийн гэрчилгээ бус бүхэл бүтэн бизнесээ борлуулж байгаа юм. Тэгэхээр энэ үнэлгээг гаргаж ирсэн.
-Танай компанийг нэр дээрээ шилжүүлж авлаа гэхэд хөнгөлөлттэй зээл авах банкны шаардлагыг хангах уу?
-Банкны шаардлага дээрээ эзэмшлийн хөдөлгөөнтэй холбоотой шаардлага тавиагүй байсан. Тэгэхээр болох байх гэж ойлгож байгаа. Хэрэв болохгүй гэвэл дотроо гэрээ байгуулаад одоогийн эзэмшигчийн нэр дээр зээл аваад дараа нь шилжүүлэх боломжтой.
“2019 онд бага дүнтэй ч хамаагүй тайлан илгээсэн байх ёстой”
Бид компани авна гэсэн зарын дагуу иргэн Жтэй холбогдож, тодруулсан юм. Тэрбээр энэ сард багтаж компани авахтэй холбоотой 20 шахам зар тавьжээ.
-Ямар компани худалдаж авах вэ?
-2019 оноос хойш ажиллаж байгаа, татварын өр ширгүй, НӨАТ төлөгч компани бол авна. Ядаж 2018, 2019 онд бага дүнтэй ч хамаагүй тайлан илгээсэн байх ёстой.
-Үйл ажиллагааны чиглэл хамаарах уу. 2020 онд үйл ажиллагаа эрхлээгүй бол яах вэ?
-Гадаад худалдааны чиглэлийн компани байвал сайн. 2019 онд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх шаардлагатай. 2020 оноос үйл ажиллагаа нь ковидын улмаас зогссон байж болно. 2019 онд 80 болон 180 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой байсан гэсэн шалгууруудаар үнэ нь хэлбэлзэнэ.
-Та гурван хувийн хөнгөлөлттэй зээл авах зорилгоор компани худалдан авч байна уу?
-Таньтай компани худалдан авах эсэх асуудлаар л ярина. Бид шилжүүлж авсан компаниа ямар зорилгоор ашиглах нь тусдаа, таньд хамааралгүй асуудал. Хуулийн хүрээнд худалдан авах ажиллагаа явагдах учир та санаа зовох шаардлагагүй.
-НӨАТ төлөгч, 2019 онд тайлангаа гаргаж байсан, татварын өр ширгүй компани ямар үнэтэй авах вэ?
-Бидний тавьсан шалгуурыг хангаж байвал 20 сая төгрөгөөс эхэлнэ. Борлуулалтын орлого зэргээс хамаарч дээд тал нь 40 сая төгрөг болно.