-Гажуудсан ардчилал аврал эрсээр-
Тийм ээ, манай улсад гуравхан бизнес бий. Тэр гурав нь юу юм бол, банк лав орно доо гэж та бодож байна уу. Үгүй дээ, андуурч байна банк бол зүгээр л мөхөөлдөсний мөнгө. Тэгэхээр улсыг юутай хээтэй хөдөлгөдөг, атгадаг тэр бизнес бол Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр. Зөвхөн энэ гурван бизнес л Монголд мөнгө бүтээнэ. Харин бусад бизнес тэр гурвын бүтээсэн мөнгөнөөс хишиг горьдож амьдрана.
Тэгвэл эдгээр бизнесийн эзэд хэн юм бол. Мэдээж М.Энхболд, Ц.Элбэгдорж, Сү.Батболд. Тэд нийлээд МАНАН бүлэглэлийг бүтээнэ. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийг дангаараа эзэмшсэн МАН-ын олигархиуд АН-ыг атгаж нохойд барьсан мод шиг муу бүхнийг хийлгэж байхын тулд тэдэнд бас “хишиг” хүртээжээ. Тэр хишгийг АН доторх МҮДН фракц хүртсэн. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь. Эрдэнэтийн 49 хувийг МҮДН буюу ХХБ -нд өгөх үед Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд, Шадар сайд нь У.Хүрэлсүх байлаа.
МАН өгөөмөр сэтгэлтэйдээ АН-ын хэсэг нөхдийг өлсөж үхэх аюулаас аврахын тулд Эрдэнэтийн 49 хувийг өгсөн ч юм биш. “Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэж юутай үнэн. Тэд АН-ыг өлмий дороо мөлхүүлж Ардчиллын төлөө биш МАНАН бүлэглэлийн эрх ашгийн төлөө үйлчүүлж байхын тулд хууль зөрчин УИХ аас нуун байж Эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувиар шагнасан. Энэ бол эхний занга. МАН ерөнхийдөө АН-ыг гурав хуваасан юм. Шонхор, МҮДН, МоАХ гэж. Шонхор, МҮДН хоёрыг ч дотор нь хоёр хуваахыг бид бүгд харлаа.
Нэгэн цагт АН-ын дарга явсан С.Эрдэнэ МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмжиж баярлаж явдгаа ил тод зарлаж харин өөрийн намаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүнийг доромжлохыг бүгд үзэв. Ийм болтлоо Ардчилсан нам МАН ын шивэгчин болсон юм. Харин Ардчилсан намын мянга мянган гишүүд Монголын баялгийг сорж амиа тэжээж байгаа хэдэн бүдүүн бясаа шиг дарга нараа хэзээ бяц гишгэх юм бол доо...
За өнөөх гурван бизнесийн орлого, ашиг, нөөцийг тооцож үзье, хэдүүлээ. Оюутолгойн ордын батлагдсан нөөц нь 6.45 тэрбум тонн хүдэр, 45 сая тонн зэс, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй. Зургаан Эрдэнэт, 46 Бороо гоулд, гурван Асгатын мөнгөний ордтой тэнцэх хэмжээний Оюутолгойгоос монголчууд бид 2051 он хүртэл ашиг авахгүй, дээрээс нь 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх гэрээтэй юм. Энэ бол Санжийн Баяр, Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Цахиагийн Элбэгдорж нарын бидэнд үүрүүлсэн лай. Тавантолгойн орд 7,4 тэрбум тоннын нөөцтэй. Жилдээ 1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой. 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг бөгөөд 200 жилийн нөөцтэй. Энэ ордыг Хятадын компанийн мэдэлд өгөх гэж Ц.Элбэгдорж, Сү.Батболд, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг, С.Баяр нар хичнээн хууль бус үйлдэл хийж хэдэн жилээр монголчууд ашиг хүртэж чадахгүй байсныг бүгд мэднэ.
Эрдэнэт үйлдвэр. Монгол Улсын эдийн засгийн 25-30 хувьд нөлөө үзүүлдэг. Жилд 37 сая тонн хүдэр олборлож, 32 сая тонн хүдэр боловсруулж, 580 орчим мянган зэсийн баяжмал 5 мянга орчим тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг. Өдөрт 2.5 сая ам.доллар буюу 5 орчим тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг бөгөөд улсад 1 их наядын татвар төлдөг. 100 жилийн нөөцтэй ордын 49 хувийг ХХБ буюу АН ын МҮДН фракцид өгчихсөн байсан. Мөн энэ үйлдвэрийн зэсийн баяжмалыг хууль бусаар зарж байсан хэрэгт мөнөөх Сү.Батболд бас холбогдоод одоо хуулийн байгууллагаар шалгуулж байгаа.
Энэ бүхнийг эзэмшиж, эрхшээж буй МАНАН бүлэглэлийн бас нэг том төлөөлөгч бол Цахиагийн Элбэгдорж. Түүнийг дагагсад бол Р.Амаржаргалаас эхлээд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар. Тэд Монгол улсын төлөө ажилладаггүй юмаа гэхэд ядаж АН- ынхаа төлөө ч ажилласангүй. Зөвхөн МАНАН бүлэглэлд, зөвхөн мөнгөнд үйлчилнэ. Амиа ч хайрлахгүй үзэлцэнэ. Харин тэдний эзэд нь Сүхбаатарын Батболд, Миегомбын Энхболд, Цахиагийн Элбэгдорж нар. Тэд улирч одсон он жилүүдэд улсын мөнгөний авдрын түлхүүрийг дандаа өөрсдийн хүндээ атгуулсан байх юм. Та бүхэн үе үеийн сангийн сайд нарыг хар...
2008-2012 онд Сангажавын Баярцогт
2012-2014 Чүлтэмийн Улаан
2014-2015 Жаргалтулгын Эрдэнэбат
2015-2016 Баярбаатарын Болор
2016-2017 Баттогтохын Чойжилсүрэн
2017-2021 Чимэдийн Хүрэлбаатар нар ажиллаж байв.
Оюутолгойн гэрээг байгуулахад Сангажавын Баярцогт Сангийн сайдаар нь ажиллахад Ерөнхий сайд нь Санжийн Баяр, Дубайн гэрээг байгуулахад Сангийн сайдаар нь Жаргалтулгын Эрдэнэбат, Шадар сайдаар нь Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд нь Чимидийн Сайханбилэг, Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд хууль бусаар өгөхөд Сангийн сайдаар нь Баярбаатарын Болор, Шадар сайдаар нь Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайдаар Чимидийн Сайханбилэг нар ажиллаж байсан бол дараагийн хоёр ч Засгийн газарт Чимэдийн Хүрэлбаатар сангийн сайдаар суудал манаж Сү.Батболдод ар талыг хамгаалсаар ирсэн.
Одоо тэдний гал хамгаалагчаар АН-ын дарга асан Содномзундуйн Эрдэнэ ажиллаж байна. Тэр МАН-ын даргыг магтаж байна. Тэр намаа хоёр хуваалаа. Өөрийнхөө үйлдсэн эрүүгийн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохын төлөө МАНАН бүлэглэлийн хөлд сөхөрч тэдний төлөөлөгчийг 2020 оны УИХ- ын сонгуульд бултаар нь АН-аас нэр дэвшүүлснээр төрөлх намдаа ялагдал авчирсан түүхтэй. Монголд байдаг гуравхан бизнесийн төлөөх тулааны хөлд АН сүйрэн унаж байгааг бид өдгөө харж байна. Гашуудалт түүх үргэлжилсээр, гажуудсан ардчилал аврал нэхсээр...
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан