Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 2021 оны дөрөвдүгээр сарын 03-наас 18-ны өдрүүдэд зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо.
Дээрх хугацаанд:
- Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй,
- Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх,
- Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах,
- Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/,
- Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах 30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй, дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах,
- Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох,
- Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.
Тодорхой зохицуулалт хийх зорилгоор:
-Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх,
-60-аас дээш настай ахмадуудыг шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байхыг сануулах, халдвар авахаас сэргийлэх, дархлаажуулах,
-Хөршийн холбоо, иргэдийн сайн дурын ажлыг идэвхжүүлэх,
-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага нийт ажилтан, албан хаагчдынхаа 30-аас ихгүй хувийг ажиллуулах,
-Барилга, бүтээн байгуулалтад ажиллаж байгаа хүмүүс нэг дор таваас дээш бөөгнөрөхгүй байх, хүн хоорондын зайгаа баримтлах,
-Хорио цээрийн дэглэмийн хэрэгжилтийг сахиулах Ажлын хэсэг байгуулах,
Тандалт судалгаа, дархлаажуулалтыг эрчимжүүлэх хүрээнд:·
-Ойрын хавьтлыг олж тогтоох тандалт судалгааг эрчимжүүлэх,
-Гэрээр долоо хоног тусгаарлагдах иргэдэд гарын авлага+гэрийн эмчилгээний багц /эм, халууны шил, витамин, гар ариутгагч зэрэг/ хүргэх,
-Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлалтыг долоо хоног болгох, ингэхдээ 3, 5 дахь өдөр нь ПСР-ын шинжилгээ авч сөрөг гарсан тохиолдолд гаргах, гэрээр ажиглахыг болих,
-Тусгаарлах байранд эмчлүүлж, эдгэрч гарсан иргэдийг долоо хоног гэрээр ажиглахыг цуцлах,
-Орон гэргүй, асрамж шаардлагатай болон хорих ангид хүмүүжигч, түр саатуулах байранд саатуулагдсан иргэдийг дархлаажуулалтад хамруулах,
-05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө нийслэлийн нэг сая иргэнийг дархлаажуулах,
-04 дүгээр сарын 05-ны өдрөөс орон нутгийн зорилтот бүлгийг /эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, хил гаалийн ажилтан, албан хаагчид/ дархлаажуулах,
-07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд орон нутгийн иргэдийг дархлаажуулж дуусгахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.