Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган үүрэгт ажилдаа хэдийн орж, албан өрөөндөө тухалжээ. Мэдээж тэр ирсэн учраас гишүүн Ш.Цогтоо тэндээс явсан. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн өөрчлөгдөнө гэсэн үг. Өмнөх бүрэлдэхүүнд гишүүн Ш.Цогтоо байсан юм. Юутай ч одоогоор Цэцийн дарга үүний талаар ямар нэг шийдвэр гаргаагүй байна.
Гэвч дараагийн бүрэлдэхүүн эрх баригчдад ээлтэй, Цэцийн шийдвэртэй холбоотойгоор эрх ашиг нь шууд хөндөгдөж мэдэх өнөөгийн Ерөнхийлөгчийн эсрэг шийдвэр гаргах магадлал тун өндөр. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэгэнт жил илүү болсон Цэцийн хоёр гишүүн (Д.Солонго, Ш.Цогтоо)- тэй холбоотой асуудлыг чухам энэ үеэр гэнэт сөхөж, хамтад нь бус, нэг нэгээр нь, тэр тусмаа эхлээд Ш.Цогтоогийн оронд хүн томилсон нь ийн дүгнэхэд хүргэж буй.
…Гэвч дараагийн бүрэлдэхүүн эрх баригчдад ээлтэй, Цэцийн шийдвэртэй холбоотойгоор эрх ашиг нь шууд хөндөгдөж мэдэх өнөөгийн Ерөнхийлөгчийн “эсрэг” шийдвэр гаргах магадлал тун өндөр. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэгэнт жил илүү болсон Цэцийн хоёр гишүүн (Д.Солонго, Ш.Цогтоо)-тэй холбоотой асуудлыг чухам энэ үеэр гэнэт сөхөж, хамтад нь бус, нэг нэгээр нь, тэр тусмаа эхлээд Ш.Цогтоогийн оронд хүн томилсон нь ийн дүгнэхэд хүргэж буй…
Тиймээс ч Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаар Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын дээд шүүхийн албан ёсны байр суурийг тодруулахаар хандсан. Ингэхдээ тэдний хэнийг нь чөлөөлж, хэнийх нь оронд дараагийн гишүүнийг томилох талаар тодорхойгүй санал ирүүлсэн нь хууль зүйн зөрчил, маргаан үүсгэж байгааг онцолсон юм. Улмаар уг шийдвэрт хориг тавихаа Ерөнхийлөгч мэдэгдсэн билээ. Хуулийн дагуу ёсчилсон хууль, тогтоолыг УИХ-ын Тамгын газар ажлын хоёр өдрийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээх ёстой. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авснаас хойш ажлын таван өдөрт багтаан хориг тавих эрхтэй. Одоогоор Ерөнхийлөгч хориг тавиагүй байна. Дээд шүүх ч Төрийн тэргүүнд тайлбараа илгээсэн, эсэх нь тодорхойгүй аж.
Үнэндээ хоригийг нь үнэмлэхүй олонх бүхий эрх баригчид, МАН-ынхан хүлээж авахгүй нь бараг тодорхой. Нөгөө талаас Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Ерөнхий сайд, УИХ-ын дарга зэрэг албан тушаалтныг томилсон парламентын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхийг Үндсэн хуулиар олгоогүй хэмээн зарим хуульч тайлбарлав. Тодруулбал, хуульч О.Мөнхсайхан “Ийм хориг тавивал Ерөнхийлөгч эрх мэдлээ урвуулан ашиглаж буй хэлбэр мөн. Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилсон УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг УИХ хэлэлцэх юм бол Ерөнхийлөгч ийм тогтоолд хориг тавих бүрэн эрхтэй гэж ойлгогдоно. Үүний оронд хэлэлцэх, эсэхээр санал хураагаад, олонхоороо хэлэлцэхээс татгалзах санал гаргах боломжтой. Энэ удаа хэрхэн шийдсэн, эсэхээс үл хамаарч, цаашид Ерөнхийлөгчийн хориг тавьж болохгүй асуудлыг жагсааж, хориглож хуульчлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, аль ч талаас нь харсан Ерөнхийлөгчийн хориг хол явахааргүй дүр зураг ажиглагдаж байгаа хэрэг.
Угтаа бага суудлын хуралдаан зарласан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянахаар маргаан үүсгэсэнтэй холбоотойг та бүхэн мэдэж буй болов уу. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2 буюу нэр дэвшигчид тавих шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байхыг хуульчлалгүй орхигдуулсан гэж үзсэн нэр бүхий иргэд Цэцэд хандсан байдаг. Нарийвчлан хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг ойлгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалтыг зөрчсөн, эсэхийг тогтоохоор маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанд бэлтгэж байсан хэрэг. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан тул одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга, ер нь өмнө нь энэ албанд сонгогдон ажилласан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, хуульчлах байсан хэмээж буй нь иргэдийн Цэцэд гаргасан мэдээллийн гол агуулга гэж ойлгож болох учраас өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх ашиг илүүтэй хөндөгдөөд байгаа юм. Үнэхээр ч Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн гээд шийдвэрлэчихвэл Төрийн тэргүүн Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болох нь тодорхой.
Харин иргэдийн дээрх мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн нь зөв, эсэхийг бага суудлын хуралдаанаар хэлэлцэж буй нь энэ. Иргэдийн мэдээллийг хүлээн авч, нэгтгэн хянаж, маргаан үүсгэсэн хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго. Түүний эл шийдвэр үндэслэлтэй байсан, эсэхийг хянан хэлэлцэх бага суудлын хуралдаан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо, Д.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй болсон бөгөөд нэг нь шийдвэрт гарын үсэг зуралгүй өнөөдрийг хүргэсэн. Тодруулбал, Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо нар Д.Солонгын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, тогтоолыг нь хүчингүй болгох хэрэгтэй гэж санал нэгдсэн бол Д.Одбаяр тус хуралдааныг орхин гарчээ. Ц.Нанзаддоржийг 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон, Ш.Цогтоогийн охин Ц.Өнөрзаяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар өнөөгийн Төрийн тэргүүн зүтгүүлсэн удаатай. Мөн Д.Солонго Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар маргаан үүсгэсэн нь буруу гэж Цэцийн удирдлагад гомдол гаргаж, бага суудлын хуралдаанаар үүнийг хэлэлцэхэд хүргэсэн хүн нь Ерөнхийлөгчийн санал болгосноор томилогдсон Б.Буяндэлгэр. Ерөнхийлөгч ч эл асуудал босож ирэхэд “Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй хэсэг иргэний мэдээллээр Цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэсэн нь “Эцэг хууль”-ийн суурь зарчмуудад нийцэхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ. Гэлээ ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэр олонхынх байдаг. Гурван хүний бүрэлдэхүүнтэй болсон хуралдаанд хоёр гишүүн нь санал нэгдчихээд байхад шийдвэрийг нь албажуулалгүй, хаяж гарч, гарын үсгээ зурахаас зайлсхийсэн Д.Одбаярыг хэн санал болгон томилуулсан, намтар хийгээд улс төрийн замнал нь ямар вэ гэдгийг хэлэх хүн бишгүй бий. Томилсон хүнийхээ тааллаар ажилладаг, “эзэн”-дээ, хэн эрх барьж байгаад нь үйлчилдэг дүр зураг Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц тойрсон эл маргаанаас тод харагдаж байгаа нь энэ.
Юутай ч бага суудлын хуралдаанаас ойрын үед ямар нэг шийдвэр гаргаж таарна. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар Цэцийн гишүүн Д.Солонгын үүсгэсэн маргаан үндэслэлтэй гэж үзвэл дунд суудлын хуралдаан болох нь тодорхой. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө Цэц хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг тогтоож, Х.Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй юү гэдэгт хариулах шаардлагатай. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг ирэх тавдугаар сарын 5-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд нам, эвсэл нь ирүүлэх ёстой. Иймд эл маргаанд Үндсэн хуулийн цэц сар гаруйн дараа буюу ирэх сарын сүүлч гэхэд эцсийн цэгийг хатгасан байх учиртай.