Амттан авч идэх дуртай юу? Эсвэл үе үе төлөвлөснөөсөө илүү дата нэмж авдаг уу? Бид хэзээд л өдөр тутамдаа тооцоолоогүй жижиг зарлага гаргаж байдаг. Үүндээ “өөрийгөө эрхлүүлэх” хэмээн “гоё” нэр бодож олсон. Харамсалтай нь энэ бүхэнд хэчнээн төгрөгийн зарлага гарч байдгийг тооцоолоогүй байх нь элбэг. Дэлгүүр орохдоо лангуун дээр өрөөтэй амтат шоколад, алим жимс, анхилуун үнэртэй ариутгагч гель гээд өдөр тутам авах зүйлс мундахгүй. Дөнгөж ийнхүү дурдаж эхлэхэд л ард нь 10,000 төгрөгийн төсөв хэдийнэ улайсан байна.
Лондоны их сургуулийн судлаач Пилиппа Лалли зуршил бий болгоход хэр их хугацаа шаарддагийг судалж, шинэ дадал хэвшил бүрэн бий болох хүртэл хүмүүсийн зан чанар, онцлог болон нөхцөл байдлаас шалтгаалан дор хаяж 18 өдөр шаардагддаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тэгэхээр өөрийгөө “эрхлүүлдэг” зуршил хагас сар хүрэхгүй хугацаанд биднийг үрэлгэн нэгэн болгон хувиргадаг байх нь. Иймд өөрийнхөө хэрэгцээг тодорхойлж, ухаалаг зарцуулалт хийх нь чиний ирээдүйд хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө сайтар танин мэдэж, дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.
Өөрөөсөө асуу
Мэдээж хүн бүр цагийг хөгжилтэй өнгөрүүлэх энтертайнмент зүйлд дуртай. Бүгд л дуртай зүйлээ худалдан авч, амттан идэхийг хүсдэг. Иймд “Би үүнийг үнэхээр хүсэж байна уу?” гэж өөрөөсөө давтан давтан асуу. Олон дахин асуух бүрд тань хариулт гарч ирсээр байвал энэ магадгүй хүсэл биш хэрэгцээ байж болох юм.
Төлөвлө
Сар бүр, боломжтой бол долоо хоног бүрээр худалдан авалтын төлөвлөгөө гаргаж бай. Жишээ нь ээж, аавынхаа өгсөн халаасны мөнгийг хэрхэн зарцуулах тухай. Эсвэл гахайнд хадгалсан мөнгөөрөө авах зүйлс гэх мэт. Нэгэнт төлөвлөгөө гаргаад дэлгүүр хэссэн бол нэмэлт зүйл худалдаж авахгүй сайн талтай. Үүнтэй холбоотой төлөвлөх хуудсыг энд дарж татаж авах боломжтой.
Бусадтай хуваалц
Өөрийнхөө хэрхэн амжилттай хуримтлалтай болсон түүх болон санхүүгийн сахилга батад суралцаж буй тухайгаа гэр бүлийнхэн болон найзууддаа хэлж, зарлаарай. Ингэснээр чамд бусдын ятгалгад автан төлөвлөөгүй зарлага гаргахгүй байх боломж олгоно.
Үнэнч бай
Аль нэг төлөвлөгөөнд биш, хэн нэгэн найздаа ч биш, зөвхөн өөртөө үнэнч бай. Чи л өөрийнхөө ирээдүйн төлөө үүнийг эхлүүлсэн тул өөртөө үнэнч байснаар ирээдүйн боломж тань нэмэгдэх болно.
Энэхүү мэдээллийг ХААН Банкны “Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөр”-ийн хүрээнд “Дэлхийн мөнгөний долоо хоног 2021”-г тохиолдуулан бэлтгэв.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.