Энэ сарын 28-29-нд шилжих шөнө ХУД-ийн 12 дугаар хороонд байрлах Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж, гэмтсэн харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, тус цэргийн ангид Салаан дарга, дэслэгч 25 настай Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч 21 настай Б-г зодож танхайрч, гэмтэл учруулсан юм.
Улмаар зодуулсан албан хаагч хүнд гэмтэл аван ТТАХНЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол өнгөрсөн шөнө нас барсан байна. Харин түүнийг зодсон салаан дарга Г нь цагдан хоригдож байгаа юм. Ийнхүү цэргийн ангийн дарлал, дарангуйлал, бугшмал хууль бус үйлдлээс бол дахин нэг цэрэг харамсалтайгаар амиа алдаж байна.
Сануулахад, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр "Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн удирдлага, шат дараалсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно. Мэдээж Хуурай замын цэргийн командлалын удирдлагууд бид ч гэсэн хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэсэн байдаг билээ.