2024 онд газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилд 1.95 сая тн-д хүрдэг бөгөөд 100 хувь импортолдог. Үүнд жилд дунджаар нэг тэрбум ам.доллар зарцуулдаг гэх судалгаа бий. 2024 онд эл хэрэглээ 2.5 сая тн болж өсөж, зарцуулах хөрөнгө нь ч нэмэгдэх аж.
Иймээс нэг жилд зарцуулдаг импортын бүтээгдэхүүний өртгөөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй. Уг төсөлд үйлдвэрийн үндсэн технологийн байгууламжаас гадна цахилгаан станц, ус хангамжийн байгууламж, ачих, буулгах байгууламж, агуулах, сав, түүхий тос дамжуулах хоолой, төмөр зам, авто зам барих бүтээн байгуулалтын ажил ч багтжээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд үйлдвэр ашиглалтад орсны дараа 600 ажлын байр шинээр бий болох юм. Жилд 1.5 сая тн газрын тос боловсруулах хүчин чадалтай эл үйлдвэр дизель түлшний 824, шатахууны 339, онгоцны 80, зуухны 47, шингэрүүлсэн 43 мянган тн хий үйлдвэрлэж, дотоодын газрын тосны бүтээгдэхүүний 55 хувийг хангах юм байна.