Дарлал
Чингэс хааны эзэнт гүрэн дотоодын их тэмцлээс үүдэн мөхөн доройтож, Манж гүрний эрхшээлд 220 жил тарчилсаны эцэст Мөнх тэнгэрийн ивээлээр удам угсаа нь арай тасраагүй алтан ургийн эрэлхэг эрсийн хүчинд, 20 дугаар зууны эхний 10 жил гэхэд туйлдан доройтсон Манж Чин гүрэн нуран унах аятай цагаар Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлаж, бөмбөрцгийн түүхээс мартагдан жийгдэхэд хүрсэн Монгол гэдэг нэгэн нэр бараг хоёр хагас зууны дараа дахин цуурайтав.
Эзэнт гүрний зохион байгуулалт, төрт ёсыг Манжийн эзэрхийлэл дор нэгэнтээ гээсэн улс дахин тусгаар тогтноод шинээр төвхнөх гэж ихээхэн бэрхшээлийг амсав. Эр цэргээс эхлээд өрх айлыг тэгшитгэн орон улсаа төвхнүүлэхэд мөнгө санхүүгийн том бэрхшээлтэй нүүр тулж, аргагүйн эрхэнд хөрш умард их гүрэн Орост хандахаас өөр арга зам үлдсэнгүй. Эзэн Чингэсийн хөлд чирэгдэн 13 дугаар зуун хар дарсан зүүд болон оюун санаанд нь эгнэгт үлдсэн Хаант Орос, чухамхүү Чингэсийн их гүрний ачаар нэгдэн томорсноо "умартаж", урдаас ирэх шарын аюулыг сөрөх Сазановын төлөвлөгөөг биелүүлэх амин чухал эрх ашгийнхаа үүднээс ёстой зөв харж инээж, буруу харж уйлж байж, ёс төдий тусламж сарвайсан түүхтэй юм.
Энэ нь Монголыг бодсондоо биш аюулгүй байдлынхаа үүднээс Хятад Оросын хооронд тоглоомын бамбай улс байгуулах гэсэнд учир явдал оршиж байлаа. Орос гүрнээс багахан тусламж авсан Богд хаант Монгол Улс өөрийн замаар цаашид явахаар шийдсэн ч Хятад, Оросын хамтын сонирхол ер хөдөлгөсөнгүй. Харин ч хоёр хөрш их гүрэн хуйвалдаж, 1915 оны гурван улсын Хиагтын Гэрээ гэгчийг Монгол Улсад тулган хүлээлгэв. Гэрээ ёсоор Монгол орон Алтай Урианхаа хязгаар нутгаа Орост алдаад зогсоогүй, "Монгол бол Хятадын газар нутгийн салшгүй хэсэг мөн" гэсэн эмгэнэлт хар даанс нээлгэв. Энэ хооронд дэлхийн 1 дүгээр дайн дэгдэж, Орос орны дотоодод байдал хүндрэн, хаант засаг унаж, Октябрийн хувьсгал ялав. Энэхүү хувьсгал Монгол Улс цаашид умард хөршийн бүрэн эрхэнд орох үүд хаалгыг нээсэн билээ.
Октябрийн хувьсгалыг дэлхий дахинаа экспортлох Коминтерний төлөвлөгөө ёсоор Монгол оронд улаан хувьсгал дэгдэж, 1921 онд саяхан дуулиан болон 100 жилийг нь тэмдэглэн өнгөрүүлсэн Ардын хувьсгал ялан мандав. Монгол Улс умард гүрний бүрэн хяналт, эрх мэдэлд шилжив. Түүнээс хойш 70 жил Зөвлөлт гүрний мэдэлд дагуул улсаар оршсон БНМАУ 90-ээд онд Төв болон Дорнод Европ дахинаа өрнөсөн ардчилсан хувьсгалын нөлөөгөөр бүрэн тусгаар бие даасан улс боллоо. Ийнхүү бие даасан улс болоход Цагаан морин жилийн Ардчилсан хөдөлгөөн амин чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
Энэ хөдөлгөөнд харин монголын ихэнх ард түмэн оролцсон буюу дэмжсэний хүчинд БНМАУ Ардчилсан Монгол Улс болсон гэдгийг мартаж үл болно. Хөдөлгөөнийг удирдсан залуучууд, зарим хүний үүрэг ролийг үгүйсгэж үл болмуй. Харин эрх мэдэл, эд хөрөнгөнд дурлаж, ардчилсан хөдөлгөөнийг амин хувьдаа ашиглан төрийн эрх мэдэл авч, хумсаа нуусаар хулгай дээрэм хийсэн, эх орноо хайр найргүй цөлмөсөн, ард иргэдээ баян хоосонд хувааж, ангит харгис нийгэмд хүргэсэн этгээдүүд өнөөдөр бидний мэлмий дор эл байна. Тэдний ялт хэргийг бурхан хийгээд ард түмэн өршөөж үл болно. Тэд ялт хэргийнхээ гэмийг үүрэх ёстой. Цус, нулимстай хутгасан луйварын хөрөнгөө хураалгах хэрэгтэй. Чухамхүү ингэж байж Шударга ёс тогтоно.
ТУЙЛААН
1992 оны үндсэн хууль батлагдаж, орон улс хөгжлийн замаа оллоо гэтэл үгүй ээ. Өмнө нь хоёр ч бүрэн эрхийн хугацаанд төрийн тэргүүний алба хашиж, тар нь танигдсан, шунал сувдаг сэтгэлдээ идэгдсэн Очирбат гэдэг этгээд 3 дахь удаагаа Ерөнхийлөгч болохоор 1993 онд хувилдан гарч ирлээ. Нөгөө үндсэн хуулийг манах эрхэм үүрэгтэй Цэц гэгч харин бүр түүнтэй үгссэн ажээ. Энэ цагаас л эхлэн Цэц гэгч улс төрийн намын суганы үс болох нь танигдсан агаад өнөөдөр ч бөгс хагс базан орон улсыг самралцаж явна.
Улс төрийн намууд гэж МАНАН будан авах юм алга боллоо. Бүр хил хязгаар, олон улсын жишиг жаягыг даван одож, улс төрийн намын шинж байдлаа алдан, Монгол төрийн дээр сандайлан суув. Их, бага хувьчлал гэгч дээрмийн аян зарлагдаж, БНМАУ-ын үед 60 жил тэмцэж босгосон хөнгөн аж үйлдвэрийн салбарыг газартай тэгшлэв.
Алт диллерийн хэрэг гэгч гарч улсын сан хоосров. Түүгээр үл барам улс орны уурхай баялагыг албан тушаал, хээл хахууль, танил тал, садан төрөл, нам, ламаар үгсэн хуваах лицейнз гэгч улаан луйвар зохиов. 1996 онд МАХН-аас бүрэн залхсан ард түмэн Ардчилсан хүчинд найдан саналаа өгч, илт давуугаар Засгийн эрх атгууллаа. Сахил хүртээд шал дор болов. Засгийн эрхэнд шунасан Энхсайхан, Элбэгдорж, Гончигдорж, Багабанди нар төрийг улстай нь хамт самраад зогсохгүй ардчилсан хувьсгалын удирдагчийн амь нас егүүтэв. Дөрвөн удаа Засгийн газар солигдож, Монгол орон эзэнгүй боллоо. Улсын хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг хэвийн үзэгдэл болж, бүр Эрдэнэтийг ухах зууны луйвар ч Багабандийн удирдлагаар үргэлжлэв. Цагийн байдлыг овжин ашиглаж, УБ-ын газрын мафийн толгойлогч нөхөд, орчуулагч Энхбаярын дор МАХН-ыг гартаа авч, зовсон олны найдвар тээж 2000 онд Засгийн эрхийг бүрэн авлаа. Үүнээс хойш авилга бүр гаарч, Энхбаяртан түүний загалмайлсан эцгээр өргөмжлөгдөв. Эрх мэдлийн донгоосоо болж Засгаас хусагдсан Элбэгдорж тэргүүтнүүд нам, нөхдөө шалдан хаян, найдвар эрэлхийлж, улсын хөрөнгөөр Америкийг зорин сүүл хавчин зугтав. Төрийн алба нам, нам дамжин сүйрэв. Төрийн албан хаагч зүгээр л намын зарц, авилгач, идэн ашиглагч болж хувирлаа.
Төрөөс луйвардсан мөнгө оффшор бүсийг чиглэх их аян эхлэв. Монгол улсын дипломат алба наймаа арилжааны газар болж, янжуур тамхины наймаа Москвагаас цааш албан ёсоор халив. Албан болоод дипломат паспорт ам.доллараар зарагдаж эхлэв. Дипломат татвараас чөлөөлөгдөх эрхийг ГХЯ панз наймаа болгов. Үүнээс хойшхи түүх тов тодорхой.
Улс төрийн МАНАН үүсч, орон улсаар намууд, тодорхой хүмүүс эрх мэдэлтнүүд хуйвалдан тоглож, ард түмэн хоосорч модоо барьж байхад нөгөө хэсэг луйварчид, улс төрчид хундага тавихгүй архи гударч, хутга тавихгүй мах идэж, дэлэн хөхөөр дэрээ хийж, дэлхийгээр гэрээ хийж явна. Товчильё. Чухам үүнийг Монголын ТУЙЛААН гэх гээд байна. Тэд яаж ингэж туйлж чадаж байна гэвэл дээр нь Манж Чин улсын эзэн ёс, Зөвлөлт гүрний эзэгнэл алга байна. Тэд тусгаар тогтносон Монгол улсыг гурван зууны дараа удирдах гэж хөгөө тарьж, хөнжлөө чирч явна.
ТУЙЛДАЛ
Дэлхий дахин түүний дотор Монгол Улс ковид 19 гэгч цар тахлын уршгаар нийгэм, эдийн засгийн гүн хямралтай тулав. Өөрийгөө авч явах чадал бяр суугаагүй Монголын эдийн засаг олон хоногоор удаа дараа тогтоосон хорио цээрийн улмаас сөхрөн унаж, хувийн бизнесс зогсон, ядуурал бүх нийтийг хамран тун хатуу ширүүн цагтай туллаа. Цар тахлаас гадна 2013 оноос улам эрчимжсэн Монголын улс төрийн тоглоом шоглоом, хуйвалдаан, Эрдэнэт, Таван толгойн луйвар хэрүүл тэмцэл, 60 тэрбумын хэрэг, МАН-ын дотоод асуудал нийгмийн хямрал руу орон улсаа чирэв.
АН-ын дотор эвлэршгүй хагарал гарч, ШИНЭ нам байгуулагдан, Эрдэнийн хуйвалдаан, дураар аашлах явдал 2020 онд энэ намыг УИХ-ын сонгуульд ялагдуулаад зогсоогүй, АН-ыг хоёр хуваан, Баттулгын эсрэг аян дайн эхлүүллээ
Энэ нь өмч хөрөнгө, эрүүгийн гэмт хэрэгтэй ч холбоотой байж болох ажээ. МАН болоод хурандаа Хүрэлсүхийн амлалт, түүний зүрх зоригтой мэдэгдэлд ойрын жилүүдэд ийм юм сонсоогүй ард иргэд уяран хайллаа. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль Энхболд.Ми, Элбэгдорж, Эрдэнэ нарын найруулгаар өрнөсөн боловч, өшиж зүхсэн ард түмэн Х.Баттулгыг гаргаж ирлээ. Албан тушаалаасаа зүүгдсэн Ми-гийн явдал арай алаанд хүрэлгүй дуусаж, тамлан зовоож хэрэг хүлээлгэсэн Зоригийн гэх ТЕГ-ын үйлдэл мандан дуулиан самуун үргэлжлэв. Шударга ёс тогтооно, луйварчдыг шоронд илгээнэ, оффшорт одсон хулгайн мөнгийг эх орондоо авч ирнэ гэсэн Х.Баттулгын сонгуулийн амлалт олон хулгайчийн зүрхийг чичрүүлж, тэд нэгэн зэрэг Ерөнхийлөгчийн эсрэг эргэлээ. Энэ суудалд хурандаа Хүрэлсүх санаатай явдаг нь ил болж, тэрээр өчүүхэн шалтаг заан Ерөнхий сайдын нажидтай албыг орхин Баттулгын эсрэг аян дайнд намаа дагуулан хөдлөв. Эдүгээ Ерөнхийлөгчийн санаачилсан болгон УИХ дахь МАН-ын 62-ын хад мөргөн унаж, төрийн тэргүүний алба МАН-ы хувьд тоглоом тохуу боллоо. Баттулгад өс санасан ХҮН -ий Доржханд зэрэг нөхөд энэ талаар МАН-тай үгсэн нэгдэж, Үндсэн хуулийн цэц гэгчид хүртэл тэмцэл маргаан өрнүүлж байна. Ядаж явахад бас өмгөөлөгч Баасанцогт ч гэнэ үү мөнгө тараадаг, схэм зохиодог, шүүхийг завхруулдаг, цахилгаан шатанд хүүхэн тэврэн оцолддог нэг нөхөр гарч ирж, нөгөө Баттулгын найз ҮАБЗ-ийн Гансүхийн "хамаатан" болж хэрэг явдал бүр замарч завхарч гүйцлээ. Шүүхийн түүний дотор Цэцийн хэрэг явдал мандсаар, өлсгөлөн тэмцэл үргэлжилсээр, цар тахал урд өмнө үзэгдээгүйгээр хүрээгээ тэлсээр Монгол орон ядарч туйлдаж гүйцлээ.
Аврах Бурхан байна уу?!
ДИПЛОМАТЧ, НИЙТЛЭЛЧ ТҮНДЭВДОРЖИЙН ЗАЛАА-УУЛ