Франц улсын хамтарсан магистрийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 онд байгуулсан “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр тал 2016 оноос эхлэн жил бүр Францын их, дээд сургуульд суралцахад зориулан хамтарсан тэтгэлэг олгож ирсэн бөгөөд эдүгээ тавь гаруй монгол оюутан уг хөтөлбөрт хамрагдаад байна.
2021-2022 оны хичээлийн жилд Монгол дахь Францын Элчин сайдын яам болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран Францад франц эсхүл англи хэл дээр 8 магистрийн тэтгэлэг олгох гэж байна. Ингэхдээ хоёр орны харилцаа хамтын ажиллагааны голлох салбаруудын сургалтыг нэн тэргүүнд харгалзаж үзнэ. Үүнд,
- газар тариалан,
- мал аж ахуй,
- хүнс үйлдвэрлэл,
- хүний болон малын эрүүл мэндийн шинжлэх ухаан,
- биотехнологи,
- сэргээгдэх эрчим хүч,
- геофизик,
- соёл урлагийн салбар,
- нанотехнологи,
- инженерчлэл,
- хот төлөвлөлт гэх мэт орно.
Тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Францын ЭСЯамны www.ambafrance-mn.org болон Боловсрол, шинжлэх ухааны яамны www.meds.gov.mn цахим хуудаснаас авах ба 2021 оны 5 дугаар сарын 31-ний дотор материалаа бүрдүүлэн ирүүлнэ.