“Эрдэнэс Тавантолгой” бонд гаргах зөвшөөрлөө авлаа
Санхүүгийн зохицуулах хорооны тогтоол, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын тушаалаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буй 24-36 сарын хугацаатай, нэг бүр нь 100 мянган төгрөг болон 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй, хоёр их наяд төгрөгийн үнийн дүн бүхий бондыг (өрийн хэрэгсэл) бүртгэсэн талаар дээрх бирж мэдээллээ.
Тус компани олон нийтэд уг бондыг энэ онд багтаан гурван үе шаттайгаар санал болгон худалдах аж. Нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй бондын хүү 10 хувь, үүнийг хагас жил тутам төлөх бөгөөд зарласан тоо нь 1.2 сая юм байна. 100 ам.долларын нэрлэсэн үнэтэй арилжих бондын хүү 6.8 хувь, мөн хагас жил тутам төлөх гэнэ. Дотоодын хөрөнгийн зах зээлээс хоёр хүртэлх их наяд төгрөг татан төвлөрүүлснээр Засгийн газраас 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төмөр зам, цахилгаан станц, сайжруулсан түлшний үйлдвэр зэрэг техник, эдийн засгийн тооцоолол, байгаль орчны нөлөөллийн шинжилгээг нь хийсэн, дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх аж. “Эрдэнэс Тавантолгой” эхний ээлжид 800 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэсэн мэдээлэл бий.