Оюутолгойн төсөл хойшлогдох жинхэнэ шалтгааныг нуусан гэж буруутгажээ
АНУ-ын “Pentwater Capital Management” компани хамгийн ач холбогдолтой төслийнхөө хойшлогдох болсон жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулсан гэж “Rio Tinto” группийг буруутгажээ.
“Rio Tinto” болон түүний охин компани болох “Turquoise Hill Resources”-ийн өндөр албан тушаалтнууд Монгол дахь Оюу толгой зэсийн уурхайн 6.75 тэрбум ам.долларын бүтээн байгуулалт асуудалд орсныг хөрөнгө оруулагчдад мэдэгдэхээсээ хэдэн сарын өмнөөс мэдсэн байсан" гэж “Pentwater Capital Management” компаниас Нью-Йоркийн шүүхэд бүрдүүлэн өгсөн баримт бичигт дурджээ.
Оюу толгойн төсөлд ажиллаж байсан хэд хэдэн менежерээс авсан мэдээллийг оруулсан 163 хуудас бүхий уг нэхэмжлэлийг “Rio Tinto” Монголын Засгийн газартай төслийн санхүүжилтийн гэрээг шинээр байгуулах асуудлаар хэлэлцэж буй үед бүрдүүлэн өгсөн байна. “Pentwater Capital Management”-ийн нэхэмжлэлд тэмдэглэснээр, төсөл урт хугацаагаар хойшилж, зардал нь өсөхөд алдаатай инженеринг, нийлүүлэлт, бүтээн байгуулалт нөлөөлжээ. Тус компани нь “Turquoise Hill Resources”-ийн хувьцааг эзэмшдэг юм хэмээн "Монцамэ" агентлаг мэдээлжээ.