Эмэгтэйчүүдийн манлайллын зам эрэгтэйчүүдийнхээс илүү бартаатай
Одоогоос 13 жилийн өмнө Дэлгэр өөрийн төрж өссөн Булган аймгийн Гурванбулаг сумынхаа Засаг даргын орлогчоор томилогдон очжээ.
Нутаг орноо хөгжүүлэх хүсэл тэмүүлэл дүүрэн ирсэн тэрээр ажлаасаа болоод уйлаад зогсож байх юм гэж огтхон ч төсөөлсөнгүй. Шинэ ажлын хамт олон, нутгийн зон олондоо хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг түүний хувьд үнэхээр хүнд сорилт байлаа.
Харин өнөөдөр тэрбээр ажлын арвин туршлагатай, улс төрч, манлайлагч болсон гээд олон зүйл өөрчлөгдсөн боловч нутаг орноо хөгжүүлэх гэдэг түүний тууштай зан хэвээр.
Тэрээр өнөөдөр аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдож, мөн сумынхаа анхны эмэгтэй Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Мөн Булган аймгийн ИТХ-ын таван эмэгтэй төлөөлөгчийн нэг бөгөөд аймгийнхаа хоёр эмэгтэй сумын Засаг даргын нэг нь аж.
Гэсэн ч тэр цөөнхийн нэг хэвээр байна. 2021 оны байдлаар Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын гишүүдийн ердөө 17 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн дундаж болох 24 хувиас доогуур байна. Мөн оны байдлаар орон нутгийн ИТХ-ын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл ердөө 27.1 хувьтай байна. Эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү боловсролтой, чадвартай хэдий ч Монгол Улсад бүх шатны шийдвэр гаргах түвшинд одоог хүртэл тэгш оролцоотой, төлөөлөлтэй байж чадахгүй байсаар байна.
Хэдий боловсрол мэдлэг, ур чадвар сайн байсан ч ээж, аав шигээ ахмад хүмүүстэй хамтран ажиллаж, тэдэнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг тийм ч амар байгаагүй гэж Дэлгэр ажил дээрх эхний өдрүүдээ дурсан ярьсан юм. Тэр хэлэхдээ “Би тэр үед Засаг даргын орлогч байсан ч гэсэн хүмүүс миний өрөөнд орж ирж ажлын талаар ярилцдаггүй байсан. Тэгэхээр нь би өөрөө тэд нарын өрөөнд явж ороод ажлаа амжуулдаг байлаа” гэсэн юм
Эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийн талаарх Монголчуудын уламжлалт болон хэвшмэл ойлголтууд нь Монгол Улсад одоог хүртэл шийдвэр гаргах, манлайллын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаагийн нэг томоохон шалтгаан хэвээр байна. Үндэсний Статистикийн Хорооны 2019 оны судалгаагаар Монгол Улсад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.6 дахин илүү цагийг хөлс үнэлгээгүй гэрийн ажил хийхэд зарцуулдаг гэжээ.
Дэлгэр ажил дээр өөрт тулгарсан бэрхшээлүүдээ хэрхэн даван туулсан талаараа өгүүлэхдээ “Ажлын хүнд хэцүү үеүдэд надад хамгийн их тус болсон зүйл бол эцэг, эхийн минь надад сургасан багын хүмүүжил байсан. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг шиг ээж аав минь надад аливаад тууштай байхыг сургасан. Хоолоо идээд, аягаа хураах гэдэг маш энгийн зүйлээс л надад ажлыг дуустал хийхийн ач холбогдлыг сургасан” хэмээсэн юм. Өөрөөр хэлбэл аливаад тууштай ханддаг зан нь түүний амжилтын нэгэн томоохон түлхүүр байжээ.
Эмэгтэйчүүд өөрсдийн карьер, гэр бүлийн амьдрал хоёрын аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй байдалд орж байхыг Дэлгэр олонтаа харж байжээ. Энэ тухай тэрээр ярихдаа: “Ер нь эмэгтэйчүүд улс төрийн болон удирдах албан тушаалд амжилт гаргахыг хүсвэл эрэгтэйчүүдээс хамаагүй илүү хичээх хэрэгтэй болдог. Тэгээд ч зогсохгүй эмэгтэйчүүд бид үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр орны ажлаа хийх, нийгмийн амьдралд оролцох гээд олон хариуцлага үүрдэг нь ажил мэргэжилдээ чадавхижиж, карьераа дээшлүүлэхэд цаг бараг үлдээдэггүй” гэлээ.
Гэр бүлийн харилцаандаа ижил тэгш, хариуцлагатай байж аливаа ажил, үүргээ хувааж хийхийг эрхэмлэдэг түүгээр зогсохгүй өөрийг нь үргэлж дэмждэг нөхрийнхөө ачаар Дэлгэр дээрх шиг сорилт, сонголттой нүүр тулаагүй нь түүний амжилтад хүрэхэд томоохон түлхэц болсон байна. Тиймээс ч тэр сайн гэр бүл ямар ч хүний амжилтад чухал үүрэгтэй гэж үздэг.
Тэрээр одоо Төрийн удирдлагын Магистр болохоор суралцаж байна. ” Удирдагч, манлайлагч хүн үргэлж суралцаж байх ёстой. Хангалттай мэдлэг, чадвартай байх нь амжилтад хүрэхэд маш чухал учраас би үргэлж шинэ зүйлд суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэж явдаг” гэж Дэлгэр ярьж байна. Тийм ч болохоороо тэр Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэйгээр НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөр, УИХ-ын Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээтэй хамтран зохион байгуулсан эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтад хамрагдаж орон нутаг, сумаа хөгжүүлэх шинэ арга барил, санал санаачилгад суралцаж чадвараа дээшлүүлжээ.
Дэлгэр төрөлх сумаа хөгжүүлэхээр олон томоохон зүйлийг бодож төлөвлөж сууна. Нутгийн иргэдийн 70 гаруй хувийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуйн салбарт бэлчээрийн тогтвортой менежментийн бодлого хэрэгжүүлж, малынхаа чанарыг сайжруулах нь түүний тэргүүлэх зорилтуудын нэг. Монгол Улсын анхны сансрын нисгэгчийн өлгий нутаг болох Гурванбулаг сумаа аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх ч бас түүний нэг томоохон зорилт. Цаашлаад иргэддээ тав тухтай, чанартай амьдралын орчин бүрдүүлэх зорилгоор сумандаа стандартад нийцсэн усан бассейн, бялдаржуулах төвүүд ажиллуулах, англи хэлний сургалт явуулах, сумын эмнэлгээ засаж сайжруулах гээд тэр олон зүйлийг төлөвлөн ажиллаж байна.
Манлайлагч хүнд байх ёстой хамгийн чухал зүйл юу вэ гэж асуухад Дэлгэр “Зөв хүн байх бас хэнийг ч ялгаварладаггүй байх” гэж хариулсан юм. Манлайлагч, удирдагч хүн үргэлж өөрийн мэдлэг, чадвараа сайжруулж байхаас гадна төлөв даруу, олон ургалч үзэлтэй байх хэрэгтэй гэж тэрээр үздэг. Эмэгтэйчүүд манлайлагч болоход бэрхшээл, сорилт их байдаг гэдгийг өөрийн туршлагаар мэдэх учих Дэлгэр “Эрэгтэйчүүдээс хамаагүй илүү хичээх хэрэгтэй болдог тул эмэгтэйчүүд хувийн зохион байгуулалт сайтай байж, ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг байх хэрэгтэй” хэмээн хэллээ.
“ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн мэдлэг, чадварыг сайжруулах сургалтуудыг зохион байгуулах нь тэд карьертаа амжилт гаргахад нь чухал дэмжлэг болох юм. Ингэснээр Монгол Улсын хувьд тулгамдаад буй шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаа байдлыг засахад дэмжлэг болох юм” хэмээн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэллээ.
Дэлгэрийг 2008 онд анх сумандаа ажиллахаар очиход иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгчийн ердөө дөрөв нь л эмэгтэй байсан бол өнөөдөр ес болсон. Гэвч шийдвэр гаргах түвшин дээшлэх тусам эмэгтэйчүүдийн төлөөлөл орон нутаг болон улсын хэмжээнд цөөн байгаа нь яаралтай засч өөрчлөх шаардлагатай асуудлуудын нэг юм. Олон улсын хандивлагч байгууллагууд, хөгжлийн түншүүд энэ чиглэлээр Монгол Улсын Засгийн газрыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд эмэгтэйчүүд шийдвэр гаргах манлайлагчдын түвшинд хүрэхэд олон сорилт, бэрхшээлүүдтэй тулгарсаар л байна.
mn.undp.org