Төрийн албан хаагч авлига өгөхийг шаардаад ажлаасаа халагдав
Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орлого, шимтгэлийн байцаагч А.Гунгааноровыг ажлаас нь халжээ. Тус хэлтсийн дарга Б.Ууган-Эрдэнэ албан хаагчаа ажлаас халсан тушаалдаа “А.Гунгааноров албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас шан харамж шаардаж, холбогдох хууль тогтоомж зөрсөн” хэмээн тодорхой үндэслэл дурджээ.
Мөн тушаалд халагдсан этгээдийг төрийн албанд гурван жил орох эрхгүй хэмээн дурдсан байна. Эрүүгийн хуулийн 22.4-1-д зааснаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль өгөхийг шаардсан, бусдаар дамжуулж нэхсэн бол авлига авсанд тооцож, 2700-14 000 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорьдог. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд А.Ариунзаяа дээрх тушаал болон албан хаагчийн хахууль шаардсан мессежний зургийг цахим орчинд байршуулж, бусад хөдөлмөр, халамж, нийгмийн даатгалын салбар нэгжид ийм асуудал гарвал бидэнд мэдэгдээрэй хэмээн зарлалаа.
Мөн цаашид авлига, хээл хахуулийн хэрэгтэнтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн. Тодорхой хэлбэл, салбарын сайд “Төрөөс авах ёстой үйлчилгээг өгөхдөө авлига, шан харамж нэхэж байгаа асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Та өөрөө шан харамж өгсөн, албан тушаалтан авлига нэхсэн, улмаар асуудлаа шийдвэрлүүлсэн бол баримтаа бидэнд ирүүлнэ үү. Холбогдох байгууллагуудын хамтаар арга хэмжээ авах болно. Авлига үгүй даатгал, авлига үгүй халамж, авлига үгүй зөвшөөрөл, авлига үгүй тэтгэвэр, тэтгэмж, авлига үгүй салбар, авлига үгүй нийгмийн төлөө хамтдаа тэмцье” гэжээ.