Коронавирус илэрсээр атал өвчтөнүүдийг эмнэлгээс гаргасаар байна
Коронавирус хүн амын дунд дөнгөж дэгдэхэд эрдэмтэн, судлаачид халдварын оргил үеийг энэ оны 3-4 дүгээр сард тохионо гэж таамагласан нь биеллээ олж байна. Өдгөө халдвар авсан хүний тоо өдөрт 200-гаар тогтохоо болив. Халдварын тархалт ийнхүү нэмэгдэхийг УОК, ЭМЯ-ныхан ч иргэдэд өдөр бүр анхааруулж ирсэн.
Тиймээс өнгөрсөн хугацаанд тэд коронавирустэй тэмцэх бэлтгэлээ хангалттай хийж, яаралтай нөхцөлд дэлгэх 4000 гаруй ор нөөцөлсөн тухайгаа мэдээлж байлаа. Мөн оны өмнөхөн амьсгалын 180 аппаратыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн хөгжлийн хөтөлбөр-5” төслийн шугамаар оруулж ирсэн. Эдгээр аппаратыг лавлагаа шатлалын төрөлжсөн эмнэлгүүдэд хуваарилсан билээ. Тухайн үед ХӨСҮТ-д коронавирусийн эмчилгээнд зориулж амьсгалын 23, Цэргийн төв эмнэлэгт 12 аппарат нэмж суурилуулсан талаар ч мэдээлсэн. Гэвч “Ковид-19”- ийн тархалтын оргил үе тохиосон энэ өдрүүдэд эмнэлгийн ор хүрэлцэхээ больж, иргэдийг гэрээр нь эмчилж эхлэв. Нөөцөлсөн гэх 4000 гаруй орны сураг ч тасрав бололтой. Тэр ч бүү хэл, ХӨСҮТ-ийнхөн Эрчимт эмчилгээний хоёрхон тасагтаа 10 хүрэхгүй амьсгалын аппараттай ажиллаж байгааг тэнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүс хэлж байна.
Үнэн хэрэгтээ ЭМЯ-ныхан өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж 2100 ор л бэлдсэн байж. Үүнээс 1600-д нь хөнгөн, 370-д нь хүндэвтэр, 80 гаруйд нь нэн хүнд өвчтөнүүдийг хэвтүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Өчигдрийн мэдээгээр улсын хэмжээнд коронавирусийн улмаас 1833 хүн эмнэлэгт хэвтэж буйгаас 1600 гаруй нь нийслэлд эмчлүүлж байна. Цаана нь ашиглахад бэлэн 500 гаруй ор бий гэх ч 375 хүнийг гэрээр нь эмчилж байгааг иргэд төдийлөн ойлгохгүй байх нь аргагүй юм. Хамгийн хачирхалтай нь, эдгээр хүмүүст хийх эмчилгээний удирдамж, арга барил одоо болтол тодорхойгүй. Улсын төсвөөс “Ковид-19”-өөр өвчилсөн нэг хүнд дунджаар дөрвөн сая орчим төгрөг зарцуулж буй талаар ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн хэдхэн хоногийн өмнө мэдээлсэн. Гэтэл гэрээр эмчилгээ хийлгэж буй гэх хүмүүст эм, тарианы дэмжлэг, туслалцаа огт үзүүлэхгүй байгаа гэнэ. Тэднийг хэн хянаж, эмчилж байгаа нь ч тодорхойгүй. Эдгэрсэн, үгүйг нь хэрхэн оношилж, шалгаж буй нь ч учир дутагдалтай. Албаныхан гэрээр тусгаарлан, эмчилж буй хүмүүст харьяа өрхийн эмнэлгүүд нь хяналт тавьж буйг хэлсэн ч энэ нь хангалтгүй байгааг олон нийт шүүмжилсээр.
Манай улсад “Ковид-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнгөрсөн арваннэгдүгээр сар хүртэл буюу халдвар хүн амын дунд тархах хүртэл өвчилсөн хүмүүсийн эмчилгээний удирдамж, эм, тариа, хэрэгслийн зардал зэрэг нь нууц байсаар ирсэн. Одоо ч тодорхой бус. ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн оны өмнө коронавирусээр өвчилсөн нэг хүнд зарцуулж буй эмчилгээний болон бусад зардлыг тооцсоноо нийтэд ил болгосон юм. Ингэхдээ ДЭМБ-аар шалгуулж, баталгаажуулсан гэж байв. Тухайн үед халдвартай нэг хүнийг дунджаар 27.5 хоног хэвтүүлэн эмчилсэн бөгөөд хөнгөн өвчтөнүүдэд 6 962 164 төгрөг зарцуулсан. Харин дунд зэргийнхэд 11.6 сая, нэн хүнд буюу хавсарсан эмгэг, хуучтай өвчтөнд 12 598 630 төгрөг зарцуулсныг дээрх тайланд дурджээ. Өөрөөр хэлбэл, манай улс гадаадаас ирсэн, коронавирусээр халдварласан нь батлагдсан 400 орчим хүнийг 20-60 хүртэл хоног хэвтүүлэн эмчлэхдээ маш их хэмжээний мөнгө зарцуулсан гэсэн үг. Тэгсэн хэрнээ ямар ямар төрлийн эм, тариа хэрэглэсэн, хаанаас импортолсон талаараа огт дурдаагүй.
Харин халдвар хүн амын дунд дэгдсэнээс хойш коронавирусийн эмчилгээний удирдамжийг нэг бус удаа шинэчилснээр ор хоног цөөрч, зарцуулах мөнгөн дүн нь ч багассаныг албаныхан хэллээ. ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсагаас коронавирустэй өвчтөнүүдэд яг одоо хийж буй эмчилгээ, хяналт, арга барил, эм, тарианы нөөц зэргийг тодруулсан юм. Тэрбээр “Коронавирусийн халдварын эхэн үед бид гадаадаас ирсэн хүмүүсээс гурван төрлийн сорьц авч, шинжилгээний хариу нь эерэг гарсныг тодорхой хугацаа заахгүйгээр эмчилсэн. Тодруулбал, биеийн байдал нь сайжирсны дараа өвчтөнөөс таван төрлийн сорьц авч, вирус ялгарахгүй болсон үед нь эмнэлгээс гаргаж байв. Тэр хэрээр хэвтүүлэн эмчлэх хоног урт байх жишээтэй. Коронавирус шинэ халдвар учраас тухайн үед бидэнд ямар ч туршлага байгаагүй. Харин оны өмнөөс ДЭМБ-ын зөвлөмж, Европын Холбооны улс орнуудын эмчилгээний стандарт, арга, техникийг судалж, ЭМЯ-ны Эмнэл зүйн багийнхан тушаал, заавруудыг өөрчилсөн. Тухайлбал, халдвар хүн амын дунд тархаж эхэлсний дараа Эрүүл мэндийн сайдын А/40 дүгээр тушаалаар коронавирустэй өвчтөнийг эмчлэх, эмнэлгээс гаргах зэрэг удирдамжид өөрчлөлт оруулав. Ингэхдээ халдвартай хүмүүсийг 14 хоног хэвтүүлэн эмчилж, гурваас дээш хоног халуураагүй, рентген шинжилгээгээр уушгины хатгалгаагүй, дархлаа тогтсон, эсэхийг буюу эсрэг бие үүссэн, үгүйг шалгаад эмнэлгээс гарган, дараагийн ажиглалт, хяналтад шилжүүлдэг болсон. Гэвч “Ковид-19”-өөр өвчлөгсдийн тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал ихэссэн тул Эмнэл зүйн багийнхан дахин хуралдсаны дагуу салбарын сайд энэ сарын 7-нд А/105 дугаар тушаал баталсан юм. Үүний дагуу бид өвчтөнүүдийг эмчлэх хугацааг 10 хоног болгон богиносгож, эмнэлгээс шууд гаргаж байна. Эл хугацаанд тэдэнд шаардлагатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлээд, рентгенээр уушгины хатгалгаагүй, өвчний шинж тэмдэг арилсныг нь буудал, сувилал зэрэгт тусгаарлан, ажиглахаа больж, гэрт нь шууд гаргах болсон. Эл дүрэм, журмыг Эрүүл мэндийн сайдын энэ сарын 4-нд баталсан А/101 дүгээр тушаалаар мөрдөж байна. Хүн аливаа вирусийн гаралтай халдвар авсан тохиолдолд эмчилгээ хийлгэсэн ч гурван сар хүртэлх хугацаанд хамар, залгиураас өвчин устдаггүй. Тиймээс 10 хоног эмнэлэгт хэвтээд гарч буй хүмүүсээс PCR шинжилгээ авахгүй байхаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, коронавирусээр өвчилсөн иргэд 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол тэднийг эдгэрсэн гэж үзэж байгаа. Өмнө нь эсрэг биеийн шинжилгээ хийдэг байсныг ч болиулсан. Энэ бүхэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу, олон улсын эмчилгээний удирдамжаар зохицуулагдаж буйг тодотгох нь зүйтэй” гэсэн юм.
Одоогоор “Ковид-19”-тэй өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүдэд хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, вирусийн эсрэг эм, тариа тасарсан зүйлгүй. Нөөц ч хангалттай бий гэнэ. Нэг хүнд зарцуулж буй төсөв өвчний үе шатаас хамаарч харилцан адилгүй байгааг М.Тунсаг захирал хэлсэн. Тухайлбал, хөнгөн, хүндэвтэр өвчтөнүүдийн эмчилгээ, бусад зардалд 3-4 сая төгрөг шаардагдаж байгаа бол хүнд зэргийнхэнд энэ нь 10 дахин нэмэгдэх тохиолдол ч гардаг аж. Жишээлбэл, ХӨСҮТ-ийнхөн коронавирустэй, уушгины хатгалгаатай, хавсарсан эмгэгтэй нэг хүнийг 34 хоног эмчлэхэд 30 сая төгрөгийн зардал гарсныг хэлэв. Тухайн иргэнийг эм, тарианаас гадна уушги орлуулах “Экмо” аппаратаар эмчилжээ. Албаныхны мэдээлснээр “Ковид-19”-тэй нэг хүнийг эмчлэхэд энэ мэт гурав, бүр 30 сая төгрөгийн зардал ч гарч болзошгүй гэх.
ЭМЯ-ныхан гэрээр эмчлүүлж буй хүний тоог дээр хэлсэнчлэн 375 гэсэн. Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өчигдөр энэ талаар мэдээлэхдээ уг тоог 600 гаруй, тэдний ойрын хавьтлын 2900 орчим хүнийг гэрийн тусгаарлалтад, өрхийн эмнэлгүүд хянаж буйг хэлсэн юм. Тэрбээр “Өвчний шинж тэмдэг, зовуурь багатай хүмүүсийг өөрсдийнх нь хүсэлтээр гэрээр эмчлэхийг Эрүүл мэндийн сайдын А/101 дүгээр тушаалаар зохицуулсан. Ингэхдээ халдвартай нь батлагдсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-ийнхөн тогтоох бөгөөд тэднийг гэрээр хянах хугацаанд гурван удаагийн шинжилгээнд хамруулсны дараа тусгаарлалтыг цуцална. Өрхийн эмнэлгүүдэд өдгөө 733 резидент эмч нэмж ажиллан, гэртээ тусгаарлагдсан болон эмчлүүлж буй хүмүүст тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Тэд үйлчлүүлэгчидтэй өдөрт хоёр удаа цахимаар холбогдон, биеийн байдлыг нь хянаж байгаа. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг улам сайжруулах үүднээс явуулын лаборатори ажиллуулж эхэлсэн. Үүнд ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо, лабораторийн шинжилгээнүүд багтах юм. Үүнээс гадна нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн найман баг өрхийн эмнэлгүүдэд зөвлөн, туслах үйлчилгээ үзүүлж байгаа” гэлээ.
Эрүүл мэндийн төрийн захиргааны төв байгууллагуудын мэдээлэл энэ мэт зөрүүтэй хэвээр. Нийслэлд халдварын тархалт өндөр байгаагаас хариу арга хэмжээний багууд коронавирустэй хүмүүсээ ч зөөвөрлөж хүчрэхээ больсныг хэлнэ лээ. Түүнчлэн халдвар бүртгэгдсэн айл өрх, орон сууц, албан байгууллагуудад 24 цагийн дотор голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийх тухай дүрэм, журам, тушаалыг мөрдөх боломжгүй болжээ. Тиймээс таны харилцсан хүнээс халдвар илэрсэн бол өөрийгөө дам хавьтал гэж үзэн, сайн дураараа гэртээ тусгаарлагдахыг албаныхан зөвлөв. Үүнд заавал мэргэжлийнхний тэг, ингэ хэмээн шаардахыг хүлээх хэрэггүй болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн ор, хүний нөөц хүрэлцэхээ больсон тул УОК, ЭМЯ, ХӨСҮТ-ийнхөн иргэдийг “амь амиа бодоорой” гээд “хаяжээ”.Төр, засаг коронавирустэй тэмцсэн өнгөрсөн жил гаруйн хугацаанд бэлтгэлээ төдийлөн хангаагүйгээс ингэтлээ барьц алдаж буй хэрэг. Ямар сайндаа л халдвар авсан өвчтөнүүдийг 10 хоног хэвтүүлэн эмчилсэн болоод PCR шинжилгээ ч авахгүйгээр эмнэлгээс гаргах вэ дээ. Өдөрт 50, 100-гаар нь шүү. Халдвар авсан хүмүүст эсрэг бие үүссэн тохиолдолд бусдад өвчин тараахгүйг судалж тогтоосон. Гэтэл манайхан вирус хамар, залгиурт нь илэрсээр байхад өвчтөнүүдийг эмнэлгээс шууд гаргатлаа шалдаа буужээ. Харамсалтай нь, тэдний хэд нь олны дунд хэвийн амьдарч, бусдад халдвар тарааж явааг таашгүй.