Бид хувийн цахим шуудан буюу и-мэйлийг өдөр тутамдаа харилцаа холбоо, албан ажил болон хувийн шаардлагаар байнга ашигладаг.
И-мэйлийг мөн аливаа системд хэрэглэгч болох, банканд харилцагчаар бүртгүүлэх болон эргээд таныг мөн эсэхийг танин баталгаажуулах зорилгоор ашиглаж болдог. Утасны дугаарыг бодвол и-мэйлийг бусдад зарж борлуулдаггүй эсвэл дамжуулан ашигладаггүй тул бага солигддог мэдээлэлд ордог бөгөөд банкны хувьд харилцагчтай холбогдох, танин баталгаажуулах найдвартай болон байнгын хаяг хэмээн үздэг.
Дэлхий дахинд и-мэйлийн үйлчилгээ үзүүлдэг маш олон байгууллага байдаг бөгөөд монголчуудын түгээмэл ашигладаг Yahoo mail нь 2013 болон 2016 онуудад тус тус цахим халдлагад өртөж нийт 3 тэрбум хэрэглэгчийнхээ хувийн нууцлалтай мэдээллийг алдсан тухай дэлхийн томоохон мэдээллийн суваг https://www.forbes.com/ болон https://www.bbc.com/news/ -д мэдээлж байв.
Тиймд Yahoo и-мэйл хаягтай харилцагчдыг gmail эсвэл бусад найдвартай цахим шуудангийн хаягаар сольж, банканд бүртгүүлсэн хуучин и-мэйл хаягаа шинэчлэхийг зөвлөж байна.
Харилцагч та бүхэн цахим залилан, хувийн мэдээллээ алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд юуны түрүүнд ямар и-мэйл ашиглахаа сайтар шалгаж сонгох хэрэгтэй.
Хамгаалалт сайтай и-мэйлийн төрлийг сонгон ашигладаг ч хэрэглэгчийн өөрийн санамсаргүй үйлдлээс болж хуурамч и-мэйлээр дамжуулан вируст өртөх цаашлаад хувийн мэдээллээ алдах эрсдэл байдаг.
Иймд харилцагч та бүхэн дараах зөвлөмжийг даган өдөр тутамдаа цахим шуудангийн аюулгүй хэрэглээг мөрдөж хэвшээрэй.
1. Хамгаалалт сайтай и-мэйл сонгох
2. Үсэг, тоо, том жижиг үсгүүд, тэмдэгт агуулсан танд санахад хялбар, бусдад таахад хэцүү нууц үгийг зохион хэрэглэх.
3. Нууц үгээ бусдад хэлэхгүй, дамжуулахгүй байх
4. Давхар танин баталгаажуулалт ашиглах, энэ нь таныг мөн эсэхийг баталгаажуулах давхар хамгаалалт болж өгдөг.
5. Хавсралт файл, линк агуулсан, хэрэглэгчийн хувийн мэдээллийг асуусан аливаа сэжигтэй и-мэйлд хариу өгөхгүй байх. Хавсралт файл болон холбоос дээр дарахгүй байх.
6. Вирусийн эсрэг програм ажиллуулах.
7. Олон нийтийн газарт үнэгүй Wi-Fi-д холбогдсон үедээ и-мэйл рүүгээ нэвтрэхгүй байх.
8. Spam и-мэйлүүд доторх “Unsubscribe” линк дээр дарахгүй байх. Тухайн линк нь таны мэдээллийг хуулах хортой програм агуулсан байх өндөр магадлалтай байдаг.
Банк шинэ харилцагчийг бүртгэн авахдаа и-мэйл хаягийг заавал бүртгэдэг бөгөөд ингэснээр эргээд харилцагчийг цахим үйлчилгээнд бүртгэх, харилцагч руу гүйлгээний мэдээлэл, кредит картын мэдээлэл, давхар танин баталгаажуулах код илгээх гэх мэт маш нууцлалтай мэдээллүүдийг танд явуулахад ашигладаг тул та хувийн цахим шуудангийн аюулгүй байдлыг хангаарай.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.