Орчин цагийн Fast fashion салбарын томоохон төлөөлөгч H&M брэнд Хятадаас хөөгдөн гарах нь тодорхой болж байх шиг байна. Шведийн энэхүү үндэстэн дамнасан компани нь дэлхийд Fast fashion буюу чанар муутай ч загварлаг хувцаснуудыг олон тоогоор борлуулдаг салбарт Zara-г үүсгэн байгуулагч, мөн олон хүмүүсийн сайн мэдэх Zara Home, Massimo Dutti, Bershka, Oysho, Pull&Bear, Stradivarius брэндүүдийг эзэмшигч Испанийн Inditex үндэстэн дамнасан компанийн дараагаар 2 дугаарт бичигддэг 74 улс оронд салбартай бэлэн хувцасны борлуулагч юм.
H&M-ийн онлайн дэлгүүрүүд Таобао болон Хятадын бусад бүх томоохон онлайн худалдааны платформуудаас ор сураггүй алга болжээ. Хятадын онлайн платформууд төдийгүй Хятад утасны брэндүүдийн апп дэлгүүрүүд ч мөн адил H&M-ын онлайн худалдааны аппликэйшнийг устгасан байна.
Учир нь Шинжаан уйгурын талаар Европын холбооноос авч буй хориг арга хэмжээтэй холбоотой бараг бүтэн жилийн өмнө тэдний гаргасан нэг мэдээ Хятадын ард түмэнд саяхан ил болсон нь тодорхой болов. Гол утга санаа нь Шинжаан уйгурт хүмүүсийг албан шахалтаар хөвөн даавуу бэлтгэх ажил хийлгэж буйг эсэргүүцэж мэдэгдэл гаргасан юм байна. Ерөнхийдөө H&M компани хүний хөдөлмөрийг хүчээр мөлжсөн шат дамжлага орсон түүхий эд материал авахгүй гэж Шинжааны хөвөн даавуун бүтээгдэхүүнүүдийг эсэргүүцэж. Харин хариуд нь ийнхүү Хятадууд "Тэгвэл бид танай брэндийг хэрэглэхгүй" гэжээ.
Хятадууд өөрсдөд нь чиглэсэн аливаа шүүмжид маш эмзэг хандана бас эсэргүүцэл тэр хэмжээгээр хүчтэй илэрхийлж аливаа гадны зүйлсийг бойкотлохдоо сайн. Угаасаа дэлхийн хүн амын 1/6-тэй тэнцэх энэ их хүн ам, том зах зээл, түүнийгээ дагасан хэрэглэгчид байгаа учир эцсийн дүндээ Хятадуудад үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ зарах хүсэлтэй брэндүүд, бизнесүүд Хятадын ард түмнийг гомдоосондоо уучлал хүсч байж хурцадмал байдлыг намжаадаг тохиолдол олон болсон.
Ойрын жилүүдэд л гэхэд ZARA Хятад загвар өмсөгчдөө сэвхтэй будалт хийсэн нь цасан цагаан царайг эрхэмлэгч хятад эмэгтэйчүүдийн дургүйцлийг ихээр хүргэсэн. Бид ийм сонин сэвхтэй арьстай биш гэж олон хүмүүс дургүйцлээ илэрхийлсэн. Мөн Vogue сэтгүүл Instagram хуудсандаа онигор өвөрмөц төрхтэй Хятад моделийн зургийг тавьсан нь бас л Хятадуудын дургүйг хүргэсэн. Хятадын засгийн газар ч ялгаагүй дургүйг нь хүргэсэн, Хятадын бодлогыг эсэргүүцсэн шийдвэр гаргагчид, тийм яриа үүсгэгч гадны иргэдийг Хятадын нутаг дэвсгэр дээр хөл тавихгүй байх хориг тавьчихдаг.
Хятад улс бол социалист улс. Төр төмөр нүүрээ харуулах үедээ хатуу харуулна. Тиймээс энэ улсад амьдарч буй хүмүүс аман дор хагархай байгаа гэсэн шиг төр засгийг шүүмжилсэн аястай олон долоон юм хамаагүй яриад байж болохгүй. Тэглээ ч манай Монголчууд шиг эр эм хөгшин залуугүй төрөө муулаад хэрүүл хийгээд суух завтай ч амьтан байхгүй дээ ер нь энд.
Энэ явдлаас улбаалаад Монголчууд ч бас урд хөрштэйгөө дайсагналцалгүй, найрамдалт харилцааг эрхэмлэх нь зүйтэйг анхаарууштай. Манайхан чинь дандаа л өөрсдийгөө их юманд бодож, өөрсдөөсөө бусад үндэстэн, ард түмнийг муулж амьдарцгаадаг нь хэнд ч нууц биш.
Уур нь хүрсэн Хятадууд нэг л өдөр Монголтой бүх худалдаа харилцаагаа зогсоогоод Хятадын хилээр Монголын ямар ч иргэнийг оруулахгүй гэчихвэл Хятадаас гадаад худалдаагаар шууд хараат Монгол улс яах билээ? Монголын иргэдийг Хятадаар дамжсан нислэг транзит хийхийг хориглоно гэвэл тэгээд ийш тийш аялах хүсэлтэй олон хүмүүст гай болно. Үнэндээ энэ улс биднээр дутах улс биш. Тэдэнд бидний юу бодож, хэл амаа билүүдэж суух огт падлийгүй. Бид байсан байгаагүй тэд хөгждөгөөрөө хөгжнө. Ёстой л нөгөө замын нохой хичнээн хуцавч жингийн цуваа явж л байдаг гэдэг шиг.
Хятад улс дэлхий дээрх хамгийн олон тоотой байнгын цэрэг армитай улс. Хөгжил, эдийн засгаараа ч, үйлдвэрлэл, экспортын хэмжээгээр ч дэлхийд тэргүүлж байгаа. Ийм том хөрш улстайгаа бид найрсаг харилцаж байж л хол явах учиртай. Хятад хүмүүс гэж учиргүй үзэн ядаж, дайсагнан, шүлсээ үсчүүлэхийн оронд чадаж байгаа зүйлсээс нь суралцаж, санаа авах нь чухал.
Бусдын алдаан дээр суралцаж амьдрах нь өлзийтэй санагднам. Тэдэнтэй эв эеээ хичээгээд, хөгжиж буй Хятадын хажууд бид алт шиг шарламаар байна.
Нүүдэлчин Панда тэмдэглэл