Ө.Шижир: Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2021.03.24/ хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийн хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР:
“Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр болоод байгаа үйл явдлуудын талаар олон нийтэд илт санаатайгаар худал мэдээлэл өгөх, хуурамч мэдээлэл түгээх гэх зэрэг явдал хэрээс хэтэрсэн хэмээн үзэж байгаа. Жишээ нь, Үндсэн хуулийн цэц дээр явж байгаа Ерөнхийлөгчтэй холбогдолтой асуудал нь та бүхний сайн мэдэж байгаачлан өнөөдөр хамгийн их яригдаж, бичигдэж байгаа сэдэв.
2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт “ХҮН”-ын дарга болох УИХ-ын гишүүн Т.Доржханд болон Д.Үүрцайх нарын гаргасан гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийн байр суурийг 2021 оны 2-р сарын 24-ний өдрийн дотор тодорхойлж, илэрхийлэх шаардлагатай байна гэсэн албан бичиг ирүүлсэн.
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн энэхүү албан бичгийн хүрээнд 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж, байр сууриа илэрхийлсэн. Энэ бол ямар нэг байдлаар Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх гэсэн, санаатай, зохион байгуулалттай үйл явдал биш, харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний ирүүлсэн, байр суурийг тодруулах шаардлагатай тухай албан бичигт хариу өгөхтэй холбоотой байсан.
Гэтэл харамсалтай нь үүнийг илтэд мушгин гуйвуулах, эсвэл зохион байгуулалттайгаар өөр хэлбэрээр мэдээлэл түгээх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдах, Үндсэн хуулийн цэцэд дарамт шахалт үзүүлэх гэх мэт үйл явцууд сүүлийн үед ажиглагдах боллоо. Үүнийг бид байж боломгүй үйл явдал гэж үзэж байгаа.
Өнөөдөр Монголд улстөржих сэдэв маш олон байгаа. Харин ч Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар аливаа асуудалд илүү бодитой хандах үүднээс улс төрийн үйл ажиллагаа хийхгүй байгаа гэдгийг цохон тэмдэглэе. Ерөнхийлөгчийн сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу л явагдана. Үүнд хэн нэгэн хүнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүй байх тухай асуудал нь зөвхөн Үндсэн хуулиар хязгаарлагдах асуудал биш ээ гэдгийг та бүхэнд хэлье. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон аливаа бусад хуулийг улс төрийн зорилгоор тайлбарлах, аливаа хуулийг мушгин гуйвуулах, улс төржүүлэх гэх мэт үйл явдлууд сүүлийн үед маш ихээр, зохион байгуулалттайгаар, тасралтгүй, зогсолтгүй үргэлжилж байна. Иймээс иргэд, олон нийт, та бүхнийг мэдээлэлд бодитой хандах, мөн өөрсдийнхөөрөө боловсруулалт хийж байгаасай гэж хүсье.
2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр буюу өнгөрсөн Баасан гарагт Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан болдгоороо болж, үргэлжилдгээрээ үргэлжилсэн байна. Үүнээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхын шийдвэрээр шийдвэр гарсан байна. Гэтэл үүнийг худал мэдээлэл болгон тараах, түгээх, олон нийтийг төөрөгдүүлэх гэх мэт үйл явцууд үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын зүгээс төвийг сахих байр сууринаас аливаа асуудалд хандаж байгаа. Та бүхэн санаж байгаа бол өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг оруулж ирж байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүнийг алийг нь түрүүлж татах тухай хуулийн төсөлд өгүүлбэр байхгүй мөртлөө улс төрийн зорилгоор гэх юм уу, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог нэн даруй чөлөөлөх ийм ажиллагааг яаравчлан явуулж байгааг харж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Эрдэнэцогт багш өөр өөрийн байр сууриа илэрхийлэх болно” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Я.САНЖМЯТАВ:
“Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой “эзэнтэй, эзэнгүй” мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн институцийн зүгээс тодорхой мэдээлэл өгье.
Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан таван хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, гурав нь санал өгдөг юм байна. Хэвлэлээр гарсан мэдээлэл, тухайн хуралдаанд оролцсон гишүүний ярьснаар гурван хүний хоёр нь зөв зүйтэй асуудал байна гэсэн шийдвэрийг гаргаж, нэг гишүүн нь хурлаа дуусангуут санал өргөсний дараа гараад явчихсан гэдэг зүйл яригдаж байгаа нь ноцтой асуудал. Ямар нэгэн нам, бүлэглэлийн нөлөөлөлд Үндсэн хуулийн цэц түүний гишүүн орох ёсгүй гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Үүний дараагаар тухайн шийдвэр албажих ёстой. Албажих хугацаа 2, 3 өдөр боллоо. Энэ хугацаанд тухайн маргаанд орсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоогийн асуудлыг УИХ-руу авчирч, хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар шийдвэр албажаагүй байгаа дээр нь хүчингүй болгож, дахин маргаан үүсгэх асуудлаар тодорхой хүчнээс үүрэг, даалгавар авсан гэж хардахуйц үйлдэл хийж байгаад төрийн бодлого тодорхойлж, хууль эрх зүйт төрийг бэхжүүлэхийн төлөө ажиллаж явсан хүний хувьд эмгэнэлтэй, эмзэглэлтэй хандаж байна. Үндсэн хуулийн цэц ямар нэгэн нөлөөнд автахгүй, хуулийн дагуу шийдвэрээ хурдан гаргаж, Үндсэн хуулийн цэц хариуцлага хүлээж гарын үсэг зурахгүй байгаа гишүүнээрээ гарын үсэг зуруулах үүрэгтэй байх гэж бодож байна.
Шүүхийн хуралдаанд орсон шүүгчдийн хувьд хэн нэгэн нь зөрүүтэй саналтай байсан ч олонхоо дагаж, үг дуугүй гарын үсгээ зурж албажуулдаг. Үндсэн хуулийн цэцэд тэр журам хадгалагдаж, тэр хэмжээгээр шийдэгдэх ёстой байх гэж ойлгож байна. Өөрийн үзэл бодолд нийцээгүй гэдэг шалтгаанаар төрийн хэргийг гацаах асуудалд тодорхой хариуцлага хүлээх ёстой. Энэ чиглэлээр юу ч дуугарахгүй байгаад харамсаж байна.
Үндсэн хуулийн цэц хуулийнхаа дагуу шийдвэр гаргах хэрэгтэй. УИХ-ын шийдвэрт хориг тавих асуудлыг тав хоног хүлээдэг. Төрийн мэдээлэлд гарсны дараа гэдэг асуудал Үндсэн хуулийн цэцийн хууль болон журмууд дээр байхгүй байна. Цаг хугацаа хожин УИХ-ын байнгын хорооны хурлыг хуралдуулж, УИХ-ыг маргааш хуралдуулан цэцийн уг маргаантай шийдвэрийг шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг татах тухай асуудлыг оруулж ирлээ. Улсын Дээд шүүхээс зарласан Үндсэн хуулийн цэцийн хоёр гишүүний хугацаа нь болж, тэтгэвэрт гарч байгаа учраас жил болчихлоо гээд зарласан. Нийт 16 хүнээс шүүж оруулахдаа яагаад нэгийг нь гаргаж ирж байгаа юм бэ. Тэр дундаа Ш.Цогтоог оруулж ирж байгаа нь ямар учиртай юм бэ. Тийм учраас Улсын Дээд шүүх УИХ буюу ард түмний төлөөлөл рүү ачаалал өгөлгүйгээр дотроо ярьж, уг хоёр гишүүнийхээ асуудлыг давхар хамтад нь оруулж ирэх нь хуульт, төрт Монгол Улсын хувьд зөв, зүйтэй асуудал болно гэж харж байна.
Үндсэн хуулийн цэц ямар нэгэн нөлөөлөлгүйгээр шийдвэр гаргах ёстой. Нэг гишүүн нь гарын үсгээ зурахгүй цаг хугацаа хожиж байгаа асуудлаа болих хэрэгтэй. УИХ Үндсэн хуулийн цэцэд нөлөөлөх эрх байхгүй. Долоо хоногийн өмнө УИХ-ын хэлэлцэх асуудлын тов гардаг. Тэр хэлэлцэх асуудал дээр нэмээд Цэцийн гишүүний асуудлыг оруулж ирж байгаа нь увайгүй бөгөөд нэг намын дарангуйлал Монгол Улсад бүрэн тогтсоныг илчилсэн илэрхийлэл гэж бодож байна. УИХ-ын 65 гишүүний нөлөөлөл, төлөөллөөр монгол төрийг дагнасан ганц намтай нөхцөл байдал руу оруулахгүй байх гэж найдаж байна. Тийм учраас УИХ-руу оруулахгүйгээр асуудлаа хурдан шийдэж, ард иргэдэд танилцуулах ёстой” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Л.БОЛД:
“1990 оноос хойш Үндсэн хуулийн бүх процесст би оролцож ирсэн. 1990 онд Үндсэн хуулийн хямрал болсон. Сүхбаатарын талбай дүүрэн ард түмэн цуглаж монголын төр засгийг өөрчлөх томоохон шаардлага тавьж байсныг та бүхэн мэднэ. Үндсэн хуулинд чөлөөт сонгууль явуулах өөрчлөлтийг 1990 онд оруулснаар монголын өнөөдрийн бүх шинэчлэл явагдаж байгаа. 1992 онд Монгол Улсын Ардчилсан Үндсэн хууль батлахад Ардын их хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн байсны хувьд бид өнөөдөр шударга байх, Монголд чөлөөт сонгууль явуулах нь манай нийгмийн хамгийн том үндэс суурь гэж үздэг. Бид үүний төлөө явж байсан. Мөн 1999 онд Үндсэн хуулийн хямрал Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаанаас болж байсныг та бүхэн санаж байгаа байх. 1996 оноос хойш Ардчилсан нам анх удаагаа ардчилсан хүчний сонгуульд ялсны дүнг засахын тулд Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүнийг давхар хийж болох болохгүй тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц хоёр өөр шийдвэрийг богинохон хугацаанд гаргаснаар дөрвөн Засгийн газар солигдож, Монгол Улс Үндсэн хуулийн хямралд орж эргээд нэг намын дарангуйлал тогтож байсныг та бүхэн мэднэ.
Тэгвэл өнгөрсөн онд бид аргагүйн эрхэнд Үндсэн хуулийн мухардалд орж шударга ёсны хувьсгал, томоохон хөдөлгөөн хийж байж дахиад Үндсэн хуулиа өөрчилсөн. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлт 30 жил гажуудаж байсан ардчилалд байгаа алдаа дутагдалыг засахад чиглэгдсэн. Гэтэл өнөөдөр үүнийг мушгиж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн Х.Баттулга Ерөнхийлөгчийг дахиж сонгуульд оруулахгүй байх өөрчлөлт болгосон аль нэг улс төрийн хүчний бодлого руу хальтарч байгаа нь өөрөө маш аюултай. Үүнийг бид бүгдээрээ байж байгаад баталсан. Ингэхдээ хэн нэгэн хүний, Монгол Улсын нэг ч иргэний сонгох сонгогдох эрхийг нь хязгаарлах асуудал тавигдаагүй. Ард түмэн сонгуулиа хийж байг л дээ. Ард түмэн сонголтоо хийж байг.
Өнөөдөр хэн нэр дэвших нь тодорхойгүй байхад ийм зохицуулалт, тохируулга хийж байгаа нь Монголын нийгмийг 30, 20, 10 жилийн өмнө хөтөлж байсан Үндсэн хуулийн хямрал руу дахиад түлхэж байна. Үндсэн хуулийн цэц ийм хямрал руу ард түмнээ түлхсэний цаана монголын ард түмэн хохирч байдаг. Өнөөдөр нөхцөл байдал маш ноцтой болж байна. Монголын ард түмэн 30 жилийнхээ ололт амжилт, ардчилсан тогтолцооныхоо үндсийг уландаа гишгүүлэхийг хүсэхгүй.
Үндсэн хуулийн цэц улс төржиж, улс төрийн хараа хяналтад орох юм бол маш аюултай. Тэгэхээр үүний эсрэг өнөөдөр нийгмийн бүх салаа мөчир үгээ хэлж, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх цаг болсон. Бид ч мөн илэрхийлнэ. Үндсэн хуульд огт байхгүй үг, өгүүлбэрээр сонгуулийг урьдчилан хийх нийгмийн талцал явагдаж байгаа нь маш том ухралт гэдгийг дахин хэлмээр байна. “Үндсэн хуулиа хамгаалцгаая” гэсэн мэдэгдлийг өнөөдөр та бүхэнд хэлмээр байна” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ДЭРГЭДЭХ ХУУЛЬ ЗҮЙН БОДЛОГЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ХУУЛЬЧ А.ЭРДЭНЭЦОГТ:
2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдаан гурван гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж эхэлсэн байна. Энэ хуралдаан амралтын өдөр дамнаж үргэлжилсэн байна. Хуралдааны шийдвэр гарах үед нэг гишүүн санал өгөхөөс татгалзаж, хуралдааныг орхин гарсан гэсэн мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний зүгээс асуулт, хариултын журмаар олон нийтийн сүлжээнд өгсөн байна. Энэ мэдээлэлд үндэслэн хуульч хүний хувиар бага суудлын хуралдаан болсон, болоогүй, шийдвэр гарсан, гараагүй эсэх тухай байр сууриа илэрхийлье.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаан энэ заалтын дагуу явагджээ.
Хуралдаан гурван гишүүний 100 хувийн ирцтэйгээр явагдаж, шийдвэр гаргах явцад нэг гишүүн санал өгөхөөс татгалзаж гарсан гэдэг мэдээлэл байна. Энэ бол хууль бус, буруу үйл явц болж байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Үндсэн хуулийн цэц бол шүүх гэдэгтэй бид маргадаггүй. Шүүх хуралдаанд оролцож байгаа шүүгч хуралдааныг орхин гарахыг хориглодог. Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааныг анхан шатны шүүхтэй адилтгаж болох байх. Тэгэхээр, нэгдүгээрт, албан ёсны хуралдааныг нэг гишүүн нь дур зоргоор орхин гарна гэдэг нь байж болохгүй асуудал.
Хоёрдугаарт, хуралдаан 100 хувийн ирцтэй эхлээд, шийдвэр гаргах үед нэг гишүүн хуралдааныг орхин гарсан гэдэг нь хуралдаан хүчин төгөлдөр биш, хуралдаан болоогүй, хуралдааны ирц хүрээгүй, эсвэл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл болохгүй.
Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтаар хуралдаж буй бага суудлын хуралдаан олонхын саналаар шийдвэр гаргана. Шийдвэр олонхын саналаар гараад, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгын Үндсэн хуулийн цэцэд ирсэн хүсэлтээр маргаан үүсгэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай Бага суудлын хуралдааны магадлал гарсан юм байна гэж ойлгогдож байна. Гэвч энэ шийдвэрийг албажуулах, албан ёсны болгох асуудалд сааталд орсон байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд тодорхой ярьсан.
Хууль зүйн талаасаа, нэгдүгээрт, Үндсэн хуулийн цэцийн хурал тасралтгүй явагдах ёстой, хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед гишүүн хуралдааныг орхин гарах үндэслэл байхгүй, гуравдугаарт, хуралдааны үеэр шийдвэр гаргах гэж байгаа түвшинд саналаа өгөхөөс татгалзах эрх байхгүй. Энд шүүхтэй адилхан процесс явагдах ёстой. Гэтэл нэг гишүүн нь зориудаар хуралдааныг орхин гарсан нь Үндсэн хуулийн цэц өөрөө улстөржсөн институц болсон юм биш үү гэдэг ноцтой дүгнэлтийг хийж болохоор харагдаж байна.
Нэгэнт олонхын саналаар шийдвэр гарсан бол олонхын шийдвэрийг албажуулж гарын үсэг зурахаас татгалзах эрх байхгүй. Хуулийг сахин биелүүлэх, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэж хэлбэрэлтгүй явагдах үйл явцыг саатуулах эрх хэнд ч байхгүй. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн хууль ёсны шийдвэр гарчээ, олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг цэцийн хуралдаан болоогүй, цэцийн шийдвэр гараагүй гэдэг нь үндэслэлгүй байна гэдгийг шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцсон гишүүн албан ёсоор мэдэгдсэнийг үндэслэн хэлж байна. Шийдвэрээ албажуулах Үндсэн хуулийн цэцийн үүрэг юм. Энд ямар нэг саатал, гацаа гарах ёсгүй гэдгийг эцэст нь хэлье. Та бүхэнд баярлалаа” гэлээ.