Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг тус аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх байсан ч шүүгдэгч Э.Мэндсайханы өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсанаар шинээр өмгөөлөгч авах болж, ирэх сарын 15 хүртэл хурлыг хойшлуулав. Тэднийг Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө цаг бусаар амиа алдсан С.Болормаагийн үхэлд буруутгасан юм.
Тэгвэл тус аймгийн хоёр ч сумын Засаг даргад холбогдох эрүүгийн хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж дуусан шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал, Тонхил сумын Засаг даргаар ажиллаж байсан Р.Даваадорж 2020 оны тавдугаар сард эхнэрээ хөнөөн, гурван хүүхдээ өнчрүүлсэн хэрэг үйлдсэнийг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байв. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.1, 2.7, 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж онц хэрцгийгээр хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Р.Даваадоржид холбогдох хэргийг хэлэлцээд эхнэрийнхээ амийг хэрцгийгээр бүрэлгэсэн гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид 18 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн тус аймгийн Халиун сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Алтансүх 2020 оны тавдугаар сарын сүүлчээр насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон байдаг. Түүнд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1-2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 14 настай охины хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлсэн аж. Шүүхээс Т.Алтансүхийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид таван жил хорих ял эдлүүлэх болов.