Төрийн ордны урд талд, Төв талбай дээр энэ оны хоёрдугаар сарын 8-ны 13.35 цагийн үед 1987 онд төрсөн залуу өөр дээрээ шатахуун асган шатааж амиа егүүтгэсэн нь олныг цочирдуулсан. Тэрбээр цэвэр усны саванд хийсэн шатахууныг хувцас руугаа цацаж гал асаасан бөгөөд тэр хавьд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч, 3-4 иргэн амийг нь аврахыг оролдсон ч чадаагүйг уншигчид санаж буй.
Цагдаагийнхан хэргийн газарт ажиллахдаа түүний халаасанд байсан бичиг баримтыг үндэслэн Э.Э гэх 34 настай залуу болохыг тогтоосон бөгөөд ийм алхам хийснийг нь ар гэрийнхэн болон холбогдох хүмүүсээс тодруулан шалгасны эцэст хэргийг хаах саналыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс харьяалах дүүргийн Прокурорын газарт гаргах болсныг эх сурвалжууд мэдээлэв. Тухайн үед зарим мэдээллийн хэрэгслээр “өмнөд бүсэд өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд оролцсон ч цалингаа авч чадахгүй байгаагаас “зулын гол” болохоор шийдсэн. Үүнээсээ өмнө өөрийн амьдардаг тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж байжээ. Хоёр хүүхэдтэй, санхүүгийн бэрхшээлээс болж эхнэрээсээ салсан. Халаасанд нь гэрээслэл байсан” хэмээн мэдээлсэн.
Гэвч шалгалтын явцад ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халааснаас нь олдсон, олон нийтийн сүлжээнд зургийг нь тавьсан, залуучууд үзэж буй бичиг нь ТҮЦ машинаас авсан иргэний үнэмлэхийн лавлагаа байсан гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн юм. Хэд хэдэн шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтад тулгуурлан хэргийг хаах санал гаргаж буй аж.