Орон сууцны үнэ өсөх үү?
Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хүрээнд ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэх болсон. Ингэснээр орон сууцын зээлийн санхүүжилтийн хэмжээ хоёр дахин нэмэгдэхээр байна. Уг шийдвэрийн нөлөөгөөр орон сууцын ам метр талбайн үнэ нэмэгдлээ гэсэн мэдээлэл түгэх болов.
Энэ талаар “Тэнхлэг зууч” компанийн Судалгааны албаны дарга С.Гантуяагаас тодруулахад “Орон сууцын үнэ өсөх, эсэх тухайн төслийн гүйцэтгэлээс хамаардаг. Одоохондоо орон сууцын үнэ мэдэгдэм өссөн зүйл алга. Гэхдээ цаашдаа үнэ өсөх хандлага ажиглагдаж байна” гэж хариуллаа. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын бизнес эрхлэгчид ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдэхээр орон сууцын үнэ өсөж, борлуулалт сайжрах зүй тогтол ажиглагддагийг дурдаж байна. Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцын төслүүдийн дундаж үнэ 2.53 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 1.05, өмнөх оны мөн үеийнхээс 4.48 хувиар тус тус өсжээ. Орон сууцын ам метр талбайн үнэ өнгөрсөн жил өсөхөд ам.долларын ханш чангарсан нь нөлөөлсөн аж. Манай улс барилга барих материалынхаа 40 орчим хувийг гадаадаас импортолдог юм.