Газар хөдлөлтийн чичирхийлэл аюулын түвшинд хүрээгүй учир зарлан мэдээллийн дохио дуугараагүй
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Шилийн тээг” гэдэг газар өчигдөр оройн 22.47 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Энэ талаар ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын эрдэм шинжилгээний ажилтан А.Мөнхсайхан “Өнгөрсөн шөнийн газар хөдлөлт Улаанбаатар хотоос 160 орчим километрийн зайд болсон. Голомтдоо 6-7 баллын чичирхийлэл үүсгэсэн бөгөөд Улаанбаатарт 2-3 баллаар мэдрэгдсэн. Газар хөдлөлтийн давтамж нь хүчнээс хамаардаг юм. Говьсүмбэрт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон нь аюулын түвшинд хүрээгүй тул газар хөдлөлтийн давтамжийн хүч нь буурна. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт аюулын түвшинд хүрч мэдрэгдээгүй учраас зарлан мэдээллийн дохио автоматаар дуугараагүй” хэмээв. Эл газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дундговь, Төв, Хэнтий аймгийн иргэдэд мэдрэгджээ.
Тэгвэл энэ мэт газар хөдлөлтөд бид бэлэн үү. Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан газар хөдлөлтийн үед иргэн өөрийгөө болон бусдыг хамгаалахын тулд хэрхэн арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг хүргэе.
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй. Ийм ширээ байхгүй бол жин, овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай ханан талд очиж суух хэрэгтэй.
- Цахилгаан болон хийн зуухыг салгах. Гал гарсан тохиолдолд нэн даруй унтраах шаардлагатай.
- Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй. Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Хэрэв гудамжинд явж байхад тань газар хөдлөлт болбол барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол байж, нээлттэй, задгай талбай олж зогсох хэрэгтэй.
- Дэлгүүр, зах, үзвэр, үйлчилгээний газар зэрэг олон хүнтэй орчинд хүмүүс сандарч, үймээн, шуугиан үүсдэг. Иймд тайван байж, сандарч тэвдэхгүйгээр тухайн байгууллагын ажилтны заавар зөвлөгөөг дагах хэрэгтэй.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогсож радиогоор өгөх мэдээллийг сонсох хэрэгтэй. Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.
- Хэрэв гол, устай газрын ойролцоо байдаг бол нэн яаралтай өндөрлөг газар очоорой.
- Гамшгийн үед гэрээсээ гарахдаа аль болох бага эд зүйлс биедээ авч, явганаар шилжин байрлах. Автомашинаар зорчих нь замын түгжрэлд орохоос гадна аврах ажиллагаа явуулахад саад болж болзошгүй.
- Гамшгийн үед хүмүүс цуу ярианд автах, төөрөлдөх явдал их байдаг тул нутгийн захиргааны болон онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бодит мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.